![](https://www.montoim.mn/wp-content/uploads/2020/05/content_96240323_286734379020007_2081199061238546432_n.jpg)
МАН томсгосон тойрогт гарцаагүй ялалт авч ирэх нэр дэвшигчээ тодруулах гэж дотроо дуулиан шуугиан ихтэй байна. “Нийт нэр дэвшигчдийн хамгийн багадаа 20 хувь нь өөр хүйсийнх байна” гэж УИХ-ын Сонгуулийн тухай хуульд заасан. Тэгэхээр аль ч нам, эвсэл энэ хувь хэмжээнээс бууруулахгүйгээр эмэгтэй нэр дэвшигчийг дэвшүүлнэ. Дээшээ хэд ч байж болно, гол нь бууруулах ёсгүй.
МАН энэ удаагийн сонгуульд 16 эмэгтэй нэр дэвшигчийг сойхоо мэдэгдсэн. Харин хэн хэнийг дэвшүүлэх вэ гэдэг асуудал ихээхэн дуулиантай, нам дотроо өрсөлдөөн ихтэй байгаа. Тус намын 2016-2020 оны парламентад ажилласан 12 бүсгүйн олонх нь боов талх мэрдэг, худалч хуудуутай, ЖДҮ-чин, луйварчнаараа дуудуулсаар хугацаагаа дуусгаж байгаа болохоор намын дарга У.Хүрэлсүх, генсек Д.Амарбаясгалан нар хүүхнүүдийг сонгох, тойрогт нь зоох гэж толгойгоо гашилгаж, аргаа барж суугаа сурагтай. Тэд нэр дэвшигчийн асуудлыг намын бага хурлаар хэлэлцүүлнэ гэж буй боловч МАН-ын дотоодод нисч буй “бор шувууд”-ын жиргээг сонсвол МАН “жаран хараа” аль хэдийнэ тойрогт нь хөдөлгөөнгүйгээр зоочихсон юм байна.
Эмэгтэйчүүдээс, сайн ажиллаж буй ЭМЯ-ны сайд Д.Сарангэрэлийг Хан-Уул дүүрэгт, боловсрол, чадлаараа олонд танигдсан СЗХ-ны дарга асан С.Даваасүрэнг Сүхбаатар дүүрэгт, тойрогтоо нэр хүндтэй УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, М.Билэгт нарыг Ховд, Баянхонгор аймагт, хийсэн ажил, хэлэх үгтэй Д.Өнөрболорыг Сэлэнгэ аймагт дэвшүүлэхээр шийджээ. Явж явж энэ хэдэн хүүхэн нэр цэвэр, боловсрол, туршлага, зангаргаараа төрд хэрэгтэй гэгдэх болсон нь учиртай.
Д.Сарангэрэл сайд хүнд хэцүү цагт эмэгтэй хүн аливааг олон талаас нь харж, оновчтой шийдвэрлэх чадвартайг харууллаа, улс даяараа түүнийг хүлээн зөвшөөрч байна.
М.Билэгт гишүүн хөдөөд, тойрогтоо асар их ажил хийж, эргэх холбоо сайтай байсан учраас Баянхонгорынхон “Сургууль, цэцэрлэг барьсан, малчдад ээлтэй, монгол ахуй, сэтгэлгээ нь мундаг, жирийн иргэдийн жинхэнэ төлөөлөл” гээд үнэхээр ам сайтай юм билээ.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан С.Даваасүрэн өндөр боловсрол, ёс суртахуунаараа олныг дагуулж байна. Түүнийг дэмжиж буй сэтгүүлчид, жирийн иргэд сошиал орчинд давалгаа үүсгэснийг бүгд харж байгаа. МАН-ын жирийн гишүүд “Энэ хүнийг дэвшүүлье, бид дэмжинэ” гээд гарын үсгээ зурцгааж, намынхаа төв хэвлэлээр уриалга гаргалаа. Төрд төсөв санхүү мэддэг, тооцоо судалгаатай ажилладаг хүмүүс хэрэгтэй.
Ц.Цогзолмаа гишүүнийг туршлагатай, барьцтай гэдэг. Д.Өнөрболор бол жинхэнэ гэрээ сайн зассан, ажиллаж буй салбартаа амжилт гаргасан бүсгүй. Түүний олон долоон үггүй ажиллаж, амжилтад хүрсэн чадварыг үнэлэх хүн олон.
Тиймээс тэднийг намдаа гарцаагүй нэг нэг суудал авчрана гэж олон түмэн дүгнэж байгаа. МАН ард түмний хандлагыг мэдэрч, эрх ашгаа эрэмблэж мэдэхгүй намдаа хохирол амсуулж буй нөхдийг эр, эм гэлгүй жийж эхэлсэн нь ирэх сонгуульд олонх болох магадлалыг нь өсгөж байна.
0 cэтгэгдэлтэй