НИТХ-ын төлөөлөгч, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мягмар “Бид нийслэлд ажиллаж, амьдарч байгаа эмэгтэйчүүдийнхээ өмнө тулгамдаж байгаа асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, шинжлэх ухаанчаар ажиллахаар төлөвлөсөн. Ямар нэг улс төрийн нам үл харгалзан, эмэгтэйчүүдийнхээ төлөө зүтгэнэ” хэмээлээ.
Эмэгтэйчүүдийн зөвлөл 2021 онд хийх ажлынхаа хүрээнд дөрвөн том зорилт тавьж, гол чиглэлээ болгон ажиллахаар төлөвлөжээ. Торуулбал нэгдүгээрт, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүдийг бодлогоор дэмжиж ажиллана. Хоёрдугаарт, ахмадуудын эрүүл мэнд, гуравдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хардаг хүмүүст анхаарал хандуулна. Дөрөвдүгээрт, гэр бүлийн эрүүл мэнд, гэр бүлийн чиглэлд бүх талын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэнэ.
Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас дээрх дөрвөн зорилтоос аль нэгийг сонгон, дэмжиж ажиллахыг хүслээ. Тэд мөн төсвийн тооцоолол, шаардлагатай зүйлсийг хийсэн аж. Хотын дарга ч тэдний гаргасан санал, санаачилгыг дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЦАХ ХЭЛТЭС
0 cэтгэгдэлтэй