Улсын Их Хурлын сонгуулийн 23 дугаар тойрог Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Хүрэлбаатарын Булгантуяа яг одоо Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны иргэд сонгогчидтойгоо уулзаж байна. Уулзалтад ирсэн иргэдэд тэрбээр ирэх жилүүдийн эдийн засгийн нөхцөл байдал, улс орны өмнө тулгарч буй бэрхшээл, цаашлаад Баянзүрх дүүргийн асуудлын талаар санал бодлоо хуваалцлаа. Тэрбээр, “Миний бага нас Шар хад, Улиастайн дэнжид өнгөрсөн. Хэдэн сарлагаа хариулаад л гүйдэг байлаа. Яг энэ замаар яваад л өвөө эмээ дээрэээ очдог байлаа. Тийм л сайхан дүүрэг байсан юм. Харин өнөөдөр би иргэдтэйгээ уулзаад явж байхад хогоо хэрхэн ачуулах вэ гэдэг асуудал ярьж байна. Хөгжил дэвшлийн тухай яриад ч хэрэггүй гэж сууж болохгүй юм. Энэ бол улстөржилтийн буруу. Тиймээс эрүүл мэндийн салбартаа ажиллаж байсан Ж.Чинбүрэн эмчийг улс төрд оруулж ирлээ. Мөн дүүргийн зовлон жаргалыг мэддэг Э.Бат-Амгаланг явууллаа. Намайг харин гадаадад сурч мэдсэнээ ашиглаад энэ дүүрэгт санхүүжилт татаж, төсөв мөнгийг нь шийд гэж намын дарга бидэнд үүрэг өгсөн. Тиймээс бид ажлаа л хийнэ. Өнөөдөр сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж хангалтгүй байгаа ч барьсаар байна. Өртэй байгаа ч энэ улс асуудлаа шийдэх гэж явж байгаа. Өнөөдөр намайг ухаан ороход ярьж байсан олон асуудлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хийж чадсан. Бас олон ч асуудлаа ярьсаар л байгаа. Энэ Засгийн газарт ажиллаж байсандаа баяртай байна. Хийж байсан ажлаа ч үргэлжлүүлэхийг хүсч байгаа. Тэгэхийн тулд та бүхэн биднийг багаар нь дэмжээрэй. Улс орныхоо төлөө сурч мэдсэн зүйлээ зориулахыг хүсэж байна. Намайг хаана нэр дэвших вэ гэхэд нь би Баянзүрх дүүрэгтээ нэр дэвшинэ гэж хэлсэн. Тэнд багаараа очиж өөрчлөлт хийхийг хүссэн гэдгээ хэлж та бүхэн дээр ирлээ. Бидэнд ажил хийх боломж олгоосой гэж хүсье” гэлээ. Уулзалт иргэдийн асуулт хариултаар үргэлжилж байна.
0 cэтгэгдэлтэй