Азийн орнуудад вирусийн тархалтыг үндсэндээ тогтоон барьсан ч хилийн чанадаас ирсэн хүмүүсээс халдвар илэрч, тухайн улсууд уг вирусийн хоёр дахь давлагаатай нүүр тулж байгааг ВВС онцолжээ.
ВВС агентлагийн нийтлэлийг хөрвүүлбэл:
Өмнөд Солонгос, Хятад, Сингапур болон азийн бусад улс орнууд Covid-19 халдварын тархалтыг амжилттай дарж байна. Гэвч Европ болон АНУ-аас вирус оруулж ирэх бас нэгэн шинэ эрсдэлтэй тэд нүүр туллаа.
Азийн улс орнуудад коронавирусийн нөхцөл байдал тогтворжиж байна. Лхагва гарагт Япон улсад гурван шинэ тохиолдлыг бүртгэсэн бол пүрэв гарагт нэг ч бүртгэгдээгүй байна. Нийт 154 тохиолдол бүртгэгдсэн Хоккайдо муж онц байдлаа цуцалжээ.
Коронавирусийн голомт болох Ухань хотод мөн адил нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна. Тус хотын оршин суугчид зургаан долоо хоногийн турш тусгаарлагдсаныхаа дараа гадагш гарах эрхтэй болжээ.
Вирусийн хөдөлгөөн өөрчлөгдөж байна. Европын улс орнууд цар тахлын голомт болж, харин Ази үүнийг даван туулжээ. Тиймээс Азийн улс орнуудад халдвар дахин дэгдэхээс сэргийлж Европоос ирэх хөдөлгөөнийг хаах шаардлага гараад байна.
Хятад, Өмнөд Солонгос болон бусад улсуудад импортлогдон орж ирсэн халдварын тархалт нэмэгдэж байна. Шинжээчид эрүүл мэндийн байгууллагууд үүнд бэлтгэлтэй байх хэрэгтэй гэжээ.
ВИРУСИЙН ШИЛЖИХ ХӨДӨЛГӨӨН
Хятадад өчигдөр дотоодын гаралтай вирусийн халдвар илрээгүй ч хилийн чанадаас ирсэн 34 хүнээс вирус илэрсэн хэмээн Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдэгдэв.
Сингапурт хоногт 47 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 33 нь гаднаас ирсэн хүмүүс байв. Тэдгээрийн 30 нь гэртээ ирж буй сингапурчууд байжээ.
Өмнөд Солонгост пүрэв гарагт шинээр 152 тохиолдол бүртгэгдлээ. Гэвч тэдгээр хүмүүс гаднаас ирсэн эсэх нь тодорхойгүй байна.
Хятадад өдөрт дунджаар 120 мянган хүн гаднаас ирж байна
ДЭМБ Covid-19-ийг цар тахал гэж нэрлэсэн өдөр буюу гуравдугаар сарын 11-ний өдрөөс Хятадад өдөрт дунджаар 120 мянган хүн гаднаас ирж байна гэж тус улсын Үндэсний шилжилт хөдөлгөөний агентлагаас мэдээлжээ.
Хятадын Засгийн газар хотуудаа бүрэн тусгаарлаж, иргэдээ гэрт нь байлган, чанга хатуу арга хэмжээ авснаар халдварын тархалтыг тогтоон барьж чадлаа хэмээн ихэнх мэргэжилтнүүд дүгнэж байна.
“Энэ нь түр хугацааны л амжилт гэдгийг ихэнх нь ойлгохгүй байна” хэмээн Хонконгийн их сургуулийн халдвар судлалын профессор Бен Коулинг мэдэгдлээ.
“Гэвч энэ нь түр хугацааны л амжилт гэдгийг ихэнх нь ойлгохгүй байна” хэмээн Financial Times-д өгсөн ярилцлагадаа Хонконгийн их сургуулийн халдвар судлалын профессор Бен Коулинг хэлжээ.
“Азийн энэ улс орнуудад гаднаас импортлогдон орж ирэх халдварын тоо нэмэгдсэнээр хүндрэл учирна. Одоогоор эхний ээлжид европоос, магадгүй цаашдаа өөр бүс нутгаас орж ирэхийг үгүйсгэхгүй” гэсэн байна.
“ГЭРЭЭСЭЭ БҮҮ ГАРААЧ, ГУЙЖ БАЙНА”
Азид вирусийн голомт сарнисан ч бүх юм дуусах хол байна гэдгийг тархалтын статистик харуулж байна. Үүний тодорхой жишээ нь Өмнөд Солонгос болж байна хэмээн Сөүлд ажиллаж буй ВВС-гийн сэтгүүлч Лора Бикер хэлжээ.
“Эрүүл мэндийн яам тайвшрах эрт байна гэж анхааруулж байна” гэв
Вирусийн тархалтыг тогтоон барих ажил нь тус улсад амжилттай болов. Халдвар авсан байж болзошгүй хүмүүсийг эрэн хайх ажиллагаа явуулж, шинжилгээ авч, тэднийг яаралтай тусгаарлажээ.
Гэвч сүүлийн өдрүүдэд халдвар авагсдын тоо эргээд нэмэгдэж байна.
“Эрүүл мэндийн яам тайвшрах эрт байна гэж анхааруулж байна. Хүмүүсийг олноороо цугларч, сүмд очиж, интернэт кафе болон караокед цуглахгүй байхыг хүссэн” хэмээн сурвалжлагч Бикер хэлжээ.
Түүнээс гадна Болгарт туялзуур сэлмийн тэмцээнд оролцохоор явсан Солонгосын гурван тамирчин коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон байна. Тиймээс багийн бүх гишүүд вирусийн шинжилгээнд орохоор болжээ.
0 cэтгэгдэлтэй