
Монголиан Эйрвэйс” компани ИНЕГ-ын даргыг Засгийн газрын шийдвэрийн дагуу ажлаа өгснөөс хоёр хоногийн дараа оны өмнө оруулж ирсэн шинэ онгоцоороо нисэх зөвшөөрөл хүссэн хурлыг явуулж, улмаар маргааш өглөө нь шууд нислэг үйлджээ. ИНЕГ-ынхан амралтын өглөө гэнэт шуурхайд дуудагдах болсон шалтгаан нь уг нислэгийг “Монголиан Эйрвэйс” компани 2022.01.13-ны өглөө 07:23 цагт Ханой руу зорчигч тээвэртэйгээр үйлдсэн байна.
Ингэхдээ шинэ онгоцоор нислэг үйлдэх зөвшөөрлийг зөвхөн нислэг талаас ганц байцаагчийн “үзэмж”-ээр гаргасан. Нэгдсэн ажлын хэсгийн бусад чиглэл хариуцсан байцаагч нартайгаа зөвшилцөөгүй, дүгнэлтийг нь аваагүй гэх мэдээлэл байна.
“Монголиан Эйрвэйс” компанийн эзэн Ч.Хоролсүрэн нь цагтаа ТӨХ-ны дарга Д.Сугартай хамтран, МИАТ-ийн “Дайны эрсдлийн сан”-гаас их хэмжээний мөнгө угаасан хэргээр яллагдаж байсан юм. Тэрбээр Монголд хэд хэдэн агаарын тээврийн компани үүсгэж, түүнийгээ дамлан зардаг гэгддэг. Ч.Хоролсүрэн оны өмнөхөн хоёр зорчигч тээврийн онгоц оруулж ирснээ зарласан. Улмаар уг нээлтэд өнөөгийн Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт очсон байдаг.
Уг онгоцууд нь олон улсад мөрдлөг болгодог жишиг стандарт буюу аеродромыг 10-аас доошгүй цагийн шөнийн нислэг багтааж, нийт 100 цаг ниссэний дараа зорчигч тээвэрлэх эрхээ холбогдох чиг үүргийн байгууллагаасаа авах ёстой байдаг аж. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар,Ч.Хоролсүрэнгийн компани 50 цаг орчмын нислэг үйлдсэн гэх бөгөөд танилын сүлжээ ашиглаж, зөвшөөрлөө хүчээр гаргах шахалтыг ИНЕГ-т удаа дараа илэрхийлээд байсан аж.
Өмнө нь “Монголиан Эйрвэйз” ХХК-ийн зүгээс олон улсын зорчигч тээврийн нислэг үйлдэх зөвшөөрлөө ИНЕГ-т гаргасан байна. Тус агентлагаас “Монголиан Эйрвэйз” ХХК-ийг нислэгийн аюулгүй байдал нисэхийн дүрэмд заасан шаардлагаа биелүүлж байж авах боломжтой талаар зөвлөмж өгч байсан аж.
Гэвч “Монголиан Эйрвэйз” ХХК алдаа дутагдлаа засахгүй, шалгалтын нислэгийн цагаа гүйцээгээгүй онгоц дээр зөвшөөрөл авахаар янз бүрийн арга хэрэглэн, шаардлага тавьсан ИНЕГ-ын байцаагч нарыг “Ажил гацааж байна, мөнгө нэхсэн” гэх мэтээр нийтэд мэдээлж, ЗТХ-ийн сайд С.Бямбацогтод хандсан байна. Шинэ онгоцны нээлтэд нь очсон С.Бямбацогт сайд “Монголиан Эйрвэйз” ХХК-ийн талаас өгсөн мэдээллийг яамныхаа шуурхай хурал дээр онцолж, зөвшөөрлийг нь хурдан гаргах чиглэл өгөөд байсан гэх. Энэ дагуу дээрх процесс өрнөсөн гэж харагдаж буй.
Агаарын хөлгөөр зорчигч тээвэрлэнэ гэдэг онцгой анхаарах зүйл. Үүнийг аль ч улс орон онцгой анхаарч, олон улсад зорчигч тээвэрлэх горимыг тусгайлан баримталдаг. Харин манай улсад агентлагийн дарга солигдох үүлэн чөлөөгөөр зөвшөөрөл хүссэн хурлыг хуралдуулсан болоод л, маргааш нь шууд зорчигч тээвэрлээд нисчихсэн кэйс энгийн мэт гарч буй нь анхаарал татах асуудал юм.
Сонгон шалгаруулалтад ороогүй шууд дарга болсон агенлагийн дарга нарыг чөлөөлсөн нь Засгийн газрын хууль хэрэгжүүлсэн шийдвэр байсан. Гэхдээ цаашдаа ИНЕГ мэт онцгой агентлагуудын удаан хугацаагаар эзэнгүй байлгах нь эрсдэл өндөртэйг дээрх тохиолдлоос харж байна. Дарга солигдонгуут нэгнээ авлига нэхсэн зэргээр хэвлэлээр нэг бичүүлж, элдэв увайгүй авир гаргаж яваа эрх ашигтнуудын ард өөр том улсын чанартай эрх ашиг байх вий. Ер нь анхаарч хармаар цаг ажээ.
Г.ҮҮЛТ
0 cэтгэгдэлтэй