Д.Пүрэвсүрэн: Уран дархчуудын үнэт металл, эрдэнийн чулуугаар урласан орчин үеийн шилдэг бүтээлүүдийг дэлгэн харуулна

2022-06-23 56 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 3 жил тутамд зохион байгуулагддаг Монгол дархан уламжлалт  үзэсгэлэн гурав дахь удаагаа болох гэж байна.

Монгол дарханы уламжлалт өв соёл, өнөөгийн хөгжил дэвшлийг, уран дархчуудын үнэт металл, эрдэнийн чулуугаар урласан орчин үеийн бүтээлүүдийг дотоод, гадаадын хэрэглэгчдэд сурталчлах энэ арга хэмжээ долдугаар сарын 1-7-ны хооронд Улаанбаатар хотноо болно.

Энэ үеэр Монголын уран дархчуудын урласан шилдэг бүтээлийн үзэсгэлэн, ахмад болон залуу үеийнхний уулзалт, бүтээгдэхүүний худалдаа гээд олон арга хэмжээ болох юм.

Бид Монголын уран дархчуудын “Түмэн эрдэнэс” холбооны ерөнхийлөгч Б.Пүрэвсүрэнтэй уулзаж ярилцлаа.

– Удахгүй болох арга хэмжээний бэлтгэл хэр хангагдсан бэ. Уран дархчууд “Түмэн эрдэнэс” холбоондоо хэр нэгдэж байна вэ?

-Бид Монгол Улсын Ерөнхийлөгчийнхөө санаачилга, ивээл дор “Монгол дархан-2022” үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. Гурван жилд нэг удаа зохион байгуулж буй энэ наадамд маш олон уран бүтээлч бүтээлээ ирүүлдэг, өрсөлддөг, ур чадвараа сорьдог болсон.

Энэ үеэр буюу долдугаар сарын 1-нээс эхлэн Уран зургийн галерейд монгол дарханы уламжлалт өв соёл, өнөөгийн хөгжил дэвшлийг харуулсан, уран дахчуудын үнэт металл, эрдэнийн чулуугаар урласан орчин үеийн шилдэг бүтээлүүдийг дэлгэн харуулж олон нийтэд өргөнөөр танилцуулах болно.

Үзэсгэлэнг 3 дахь удаагаа зохион байгуулж байгаа учраас уран дархчууд маань холбоондоо элсэе, гишүүн болъё, ер нь цаашдаа бид нар олон улсын үзэсгэлэнд яаж оролцох вэ, хийсэн уран бүтээлүүдээ яаж сурталчлах, дэлхийд гаргах вэ гэх их хандаж байна. Ингээд уран дархчууд маань эвлэлдэн нэгдээд том цогц арга хэмжээг зохион байгуулахаар  ажиллаж, мэдээллээ олон хүнд хүргэж байгаа юм. Манай “Түмэн эрдэнэс” холбоо дотроо урлагийн зөвлөлтэй боллоо. Уран бүтээлчдийнхээ ажлыг сурталчлах, олон нийтэд дэлгэн харуулах, шилдэг бүтээлийг шалгаруулан алдаршуулах ажлыг маань Монгол Улсын Ерөнхийлөгч маань бүрэн дүүрэн дэмжиж, онцгой анхаарал хандуулж буйд маш их баяртай байгаа. Энэ удаагийн “Монгол дархан-2022” үзэсгэлэн, уулзалт арга хэмжээ маань их өргөн дэлгэр болох байх аа. Уран бүтээлчдийгээ урьж байна, бүтээлээ ирүүлэхийг хүсэж байна.

Цаашдаа бүгд нийлээд хамтарч ажиллая, олон улсын үзэсгэлэнд монгол гэсэн энэ сайхан урлал бүтээлүүдээ танилцуулах, борлуулах, дэлхийн зах зээл дээр гаргах боломжуудыг хамтдаа хийе гэж хэлмээр байна. Мөн үзэгч олон нийт, урлаг сонирхогчид минь “Монгол дархан-2022” үзэсгэлэнг үзэж нүд сэтгэлээ баясгаарай, наадмын өмнө өв соёлоороо бахархаарай.

-Бүтээлүүдээ цуглуулаад тэр дор нь шилдгийг нь шалгаруулах юм байна шүү дээ. Хугацаа жаахан давчуу юу, гайгүй юү?

-Бид уран бүтээлчдийн шилдэг бүтээлүүдийг зургаадугаар сарын 29-нд Уран зургийн галерейд цуглуулж аваад, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын яам, Дүрслэх урлагийн сургуультайгаа хамтраад яг мэргэжлийнхээ түвшинд шалгаруулалтаа хийгээд, шалгарсан хүмүүс, бүтээлийн мэдээллийг гаргачихна. Тэгээд тэдгээр шилдгүүдийн маань шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас бэлтгэж, долдугаар сарын 1-нд нээлтийн арга хэмжээн дээр Монгол улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр шилдэг уран дархчуудад шагнал гардуулан өгөх болно.

Шалгаруулалтын хувьд яг мэргэжлийн хүмүүс нэгдэн ажиллах учраас ямар нэг эргэлзээ, цаг хугацааны хувьд бачуурах зүйл үгүй, шуурхай ажиллах болно.

Бид энэ удаагийн арга хэмжээний мэдээллээ хэвлэл мэдээллийн бүх сувгаар тарааж, мөн аймаг, сумд руу албан бичиг, захидал илгээж аль болох олон уран бүтээлч, урлаг, урлалд дуртай хүмүүст хүргэхээр ажиллаж байгаа. Тэгэхээр уран дархчууд маань бүтээлээ ирүүлэх, өрсөлдөх, арга хэмжээндээ идэвхтэй оролцох байх гэж хүлээж байна.

Мөн монголын уран дархчуудын ахмад болон залуу үеийн уулзалтын үеэр өв соёл, уламжлалт арга ухааныг орчин үеийн технологи, дэвшилтэй хэрхэн сүлэлдүүлэх, зөвхөн бидэнд өвлөгдөж, уламжлагдаж ирсэн арга, ухаануудыг хэрхэн сургах, хөгжүүлэх, олон нийтэд түгээх ёстой вэ гээд олон асуудлыг ярилцаж, хамтран ажиллах чиглэлд нэлээн дорвитой алхмуудыг хийх болно.

-Та ямар чиглэлээр уран бүтээл туурвидаг вэ?

-Би 1993 оноос монгол дарханы урлалд хөл тавьж, шавь сургалтаар сурч, урлал бүтээлээ хийгээд явж байгаа. Уламжлалт урлал, эмээл хазаар, хэт хутга урлаж байна. Сүүлийн үед хөөрөг урлаж байгаа.

Бид эхээс тавуулаа, бүгд уран бүтээл туурвиж, уран дарх хийж явна. Миний ээж гар урлалын үйлдвэрт чимэглэгч хийдэг байсан. Бид ээжийнхээ ажил дээр, олон сайхан дархчууд, гайхамшигтай хүмүүсийн дунд торниж, тэр орчинд уусч өссөн. Бидний амьдрал уран дархчуудтайгаа салшгүй холбоотой байдаг. Монгол дархны урлал, биет болон биет бус өв соёлыг тээж яваа, энэ уламжлалыг авч яваа олон хүмүүсийн дунд бужигнаж, уран бүтээлээ хийж явна даа.

-Танд баярлалаа

Холбоотой мэдээ

Монгол Улсад анх удаа ойн генетик нөөцийн төв байгуулагдлаа

Монгол Улсад анх удаа ойн генетик нөөцийн төв байгуулагдлаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэ

2022-06-23

Нийслэлийн удирдлагууд газрын асуудлыг шийдэж, 640 хүүхдийн суудалтай сургуулийн шав тавилаа

Хүн ам ихээр төвлөрсөн Баянзүрх дүүргийн 26-р хороо улсын нэг сургуультай боловч тэр нь хаанаа ч хүр

2022-06-23

Д.Пүрэвсүрэн: Уран дархчуудын үнэт металл, эрдэнийн чулуугаар урласан орчин үеийн шилдэг бүтээлүүдийг дэлгэн харуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 3 жил тутамд зохион байгуулагддаг Монгол дархан уламжлалт  үзэ

2022-06-23