МҮОНТ-ИЙН ХАМТ ОЛНЫ “ШУДАРГА ЁС”-НЫ ТЭМЦЭЛ ҮНЭГҮЙДЭХИЙН УЧИР

2020-12-13 49 0

Энэ сарын 10-ны оройн 20 цагт Улсын Их Хурлын чуулганаар Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг шинээр томилов.

Үүрэгт хугацаа нь дуусгавар болж байгаа долоон гишүүний оронд шинээр долоон хүнийг Их хурлаас баталж, МҮОНРТ-ийн тухай хуулийн дагуу Үндэсний зөвлөлийг бүрэн болгохоор үдэш ташруулан хуралдсан.

Ерөнхийлөгчийн зүгээс хэвлэл мэдээллийн албаны даргаар нь ажиллаж байсан Ж.Цэсэнг, Засгийн газрын зүгээс “ITOIM.mn” сайтын эрхлэгч Г.Отгонбаяр, “Sound of Mongolia” компанийн захирал М.Уянга нарыг Олон нийтийн радио телевизийн, Үндэсний зөвлөлд багтаахаар Улсын Их хуралд оруулсан. Харин Улсын Их хурлаас нь нэвтрүүлэгч МУСГЗ Д.Цоодол, “Үнэн” сонины эрхлэгч Б.Ганболд, МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатар, МҮОНРТ-ийн дэд захирал Ч.Батцэнгэл нарыг Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлд дэмжсэн.

Харин энэ үеэр Үндэсний зөвлөлийн гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь солих, одоо байгаа захирлуудаа өөрчлөх, олон нийтийн радио телевизийн хуулиндаа өөрчлөлт оруулахыг шаардсан, МҮОНРТ-ийн ажилчдын түр хорооныхон хорио цээрийн дэглэмтэй хүндхэн цаг мөчид үзэл бодолдоо үнэнчээр тэмцсээр жагссаар байлаа.

Чуулганы хуралдаанаас 7 гишүүний зургааг дэмжээд нэр дэвшигч Ч.Батцэнгэлийг нэрийг нь татуулав. Харахад хуулийн дагуу л болчихсон, тэмцэгчдийн дуу хоолойг Улсын Их хурлын эрхэм дарга, гишүүд нь сонсоод шийдвэр гаргаж байгаа мэт үйл явдал өрнөсөн. Нэг зүйлийг нэмж өгүүлэхэд Олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн гишүүнд 27 төрийн бус байгууллагаас 28-н нэр дэвшигч тодорч, нэг нь өөрийн хүсэлтээр нэрээ татсан. Нэрээ татсан эрхэм нь ТВ8 телевизийн хуучин эзэн С.Баярмөнх.

ХАРИН… ХӨШИГНИЙ АРД

Ардын нам 2020 оын 6 дугаар сард болсон сонгуулийн өмнөхөн 33 болоод 32-ын бүлэг болж Улсын Их Хурал дотроо хоёр хуваагдсан нь нийтэд ил болоод байсан. Сонгуулийн чимээнээр дотоод үймээнээ түр намжаагаад байсан “АХ” намын дотоод хагарал албан тушаалын томилгоо болохоор л амь ордог жамтай. М.Энхболдын талынхан гэгддэг Ж.Мөнхбат, С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нар ил гарч 32-ын бүлэглэлийн эрх ашигт, МҮОНРТ-ийн томилгоонуудыг нийцүүлэхээр зүтгэж байгааг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаас энэ удаад илт тодорхой харагдсан. Хоёр гурван хувилбартай холыг харсан нүүдлийг боловсруулаад, Олон нийтийн радио телевизийн ажилтан албан хаагчдад хүчээр тэд тулгав. Эхнийх нь тэмцэгчдийн гол бай болсон МҮОНРТ-ийн захирлуудын багт ажиллаж байсан дэд захирал Ч.Батцэнгэлийг Үндэсний зөвлөлд дэвшүүлж Улсын Их Хуралд оруулав. Өнөөх нь төрийн ажлыг хүндэтгэсэн болохоор ирж суусан анхнаасаа би нэрээ татах гэж байсан юм хэмээн УИХ-ын танхимд тодров. Урьтаад бичигдсэн зохиолын дагуу одоогийн дэд захирал Ч. Батцэнгэлийн дуулианаар өчнөөн жил МҮОНРТ толгойд байсан Б.Ганболдыг Үндэсний зөвлөлд хэл амгүйхэн шургуулав. Т.Доржханд гишүүн, залууст зайгаа тавьж өгөх болоогүй юу гэсэн асуултанд “65 настай хүн томилогдож болохгүй гэсэн заалт хуулинд байхгүй” гэж хариулах Б.Ганболд эхний даваагаа давж,  Улсын Их Хурлаас Үндэсний зөвлөлийн гишүүн болох эрхээ авч чадсан. “Үнэн” сонины хоёр эрхлэгчээ дэмжинэ гэж Байнгын хорооны хуралдаан дээр ил цагаан хэлсэн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатынхаар Б.Ганболд Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийг ирэх зургаан жил удирдах учиртай. “Өдөр тутмын сонины холбоо”-ныхон тэр тусмаа Б.Ганболдын цэргүүд МҮОНРТ-ийн  Үндэсний зөвлөлийн гишүүнд чихэлдэж байгаа нь урьдчилан зурагласан хөтөлбөрийн дагуу болж байгаа үйл явдал гэхээс өөр яаж тайлбарлах билээ. Сонины эрхлэгчээс МҮОНРТ-ийн захирал болсон Л.Нинжжамцын ар тал найдвартай цайз нь болохоор сонины холбооныхон, 32-ын бүлэглэл болох М.Энхболдынхонтой нийлсэн нь тодорхой.

Хоёрдугаар нүүдлийг бараг амтай болгон ярьж, бичиж эхлэв. УИХ-ын гишүүн Ж. Мөнхбаттай нэгэн цагт нэр холбогдож байсан МҮОНРТ-ийн захирлын үүргийг түр гүйцэтгэгч Г.Гэрэлийг жинхлэхээр зүтгүүлэх нь гэдэг “хар” хэл амыг сайтар тараана. Хамт олныг жигжүүлж анхаарлыг өөр тийш чиглүүлнэ. Үнэндээ бол энэ хуурах тактик. Анхнаасаа энэ зохиолын нэг дүр болохоо мэдээд Үндэсний зөвлөлийн гишүүнээс нэрээ татсан “ТВ8” телевизийн хуучин захирал, шар сонины загалмайлсан эцэг, “Халуун хөнжил”-ийн эзэн С.Баярмөнхийг зүтгүүлэхээр тохиролцсон. Тохиролцох гэж хэнтэй тохиролцсон гэж уншигч та асуувал Улсын Их Хурлын эрхэм даргатай гэж хариулая. 32-ын бүлэглэлийн толгойлогчид болон Ж.Мөнхбат, Л.Энх-Амгалан, С.Бямбацогт нар, эрхэм Их хурлын дарга Г.Занданшатартай тохирсон гэсэн үг л дээ. С.Баярмөнх нь одоогийн Улсын Их хурлын даргын сонгуулийн сурталчилгааны менежерээр ажиллаж байсан хэтэвч нэгтэй нөхөр гэдгийг улстөрийн хүрээнийхэн мэднэ. Г.Занданшатар даргын зөвлөхөөр ажиллаж байгаа С.Баярмөнхийг МҮОНРТ-ийн даргаар зүтгүүлбэл улстөрийн талдаа бүрэн дэмжлэг авах нь гарцаагүй. Ард нь Их Хурлын дарга  байгаа учраас гэдгийг 32-ын бүлэглэл харчихсан. Б.Ганболдыг Үндэсний зөвлөлд оруулж дарга болгоод хариуд нь Ерөнхий захирлын суудлыг С.Баярмөнхөд бишээ Г.Занданшатарт амласан гэсэн үг. С.Баярмөнхийн шуналыг хөдөлгөн, сэхрүүлэн ухуулах ажлыг эртний найз Л.Нинжжамц гардан гүйцэтгэсэн гэдэг. Тохиролцооны дагуу Б.Ганболдын үүргээ биелүүлж Ерөнхий захиралд С.Баярмөнхийг дэвшүүлнэ. Тэмцэгчид үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүйг 32-ын бүлэглэлийнхэн мэдэж байгаа. Үүнийг нь ч ашиглаж таарна. М.Наранбаатарын босогчид ч хувь нэмэрээ оруулж бялуугаа бас хүртэнэ. Гэхдээ тэд Олон нийтийн радио телевизийг олон нийтийнх болгохоор зүтгэж байгаа хамт олноос айж байгаа гэж итгэе. Олон нийтийн томилгоог хүсэмжилж байгаа тэдний тэмцэл эсэргүүцэлтэй “ТВ8”-ын хуучин эзэн С.Баярмөнх болоод захирлын үүргийг түр хамаарагч Г.Гэрэл нарын аль аль нь тулна. Их хурлын эрхэм дарга Г.Занданшатараас ч 32-ын бүлгийнхэн нүүрээ буруулна. Түүний зөвлөх С.Баярмөнхийг захирлын суудалд нэр дэвшүүлсэн ч уран бүтээлчид дэмжихгүй гэдгийг эртнээс Ж.Мөнхбатын бүлэглэл тооцчихсон. Тэгэхээр их хурлын даргынхаа хүнийг дэвшүүлсэн ч дэмжлэг авсангүй гээд мурих биз.

Одоо жинхэнэ өрөг эхэлж ашиг сонирхлын зөрчилтэй 32-ын бүлэглэлийнхэн дараагийн нүүдэлдээ орно. Хамгийн боломжит мэт харагдах ч мөнөөх л 32-ын бүлэглэлд үйлчлэх нэгнийг тэд сонгоод оруулж ирнэ. Тэр хүн бол Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга асан С.Адьяасүрэн. ЗГХЭГ-ын дарга байхдаа Ж.Мөнхбат нь С. Адьяасүрэнг Харилцаа холбооны зохицуулах газрын даргаар ЕС Ж.Эрдэнэбатаар томилуулж байв. Өөрийн хүнийг зүтгүүлж өмнөх захирлуудын хууль бус үйлдлийг даруулахын тулд Ж.Мөнхбат нарын бүлэглэл илтэд улайрч энэ мэт хоёр гурван нүүдлийг боловсруулжээ.

НЭМЭГДЭХҮҮНИЙ БАЙРЫГ СОЛЬСОН Ч НИЙЛБЭР ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ…

МАН-ын дарга мань У.Хүрэлсүх цар тахалтай тэмцээд завгүй манаргаж явахад ар хударгаар нь 32-ын бүлэглэл амь ороод зогсохгүй албан тушаалын томилгоог өөрсдөд ашигтай хийхээр улайрч байна. Үндэсний олон нийтийн радио телевизийг хуулийнх нь дагуу олон нийтийн өмч болгохыг УИХ-ын гишүүд болон багны ард байгаа хамаг бүдүүн дарга хүсэхгүй.

МАН-ын нэгэн дарга “мань нь 2016 он хүртэл Олон нийтийн радио телевизээр нэг ч удаа гараагүй. Бараг хар дансанд орсон юм шиг байна билээ” гэж дуугарч байсан. 32-ын бүлэглэл өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн МҮОНРТ-ийг дуугарахын тулд  удирдлагыг нь хянаж байх учиртай. Багагүй мөнгөний захиран зарцуулалт Үндэсний радио телевизийн захиралд бий. Өмнөх захирал Л.Нинжжамцын идсэн уусан асуудлыг нь ч түр хорооныхон хууль хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлтэй байгаа. Тэгэхээр өмнөх захирлын балгийг нь баллахын тулд залгамжлагч хэрэгтэй. Олон нийт нь захирал томилчихвол бантан хутгасан захирлуудын багийн балаг дэлгэгдэх аюултай. Үүнээс л тэд хамгийн ихээр айхын учир нэмэгдэхүүний байрыг нь сольсон ч нийлбэр нь өөрчлөгдөхгүй томилгоог хийхээр ил цагаандаа гарав. Тодорхой зурагдсан урьдчилаад харчихсан дүрмээр тоглоом явагдаж байна. Олон нийтийн өмчийг олон нийтэд нь байлгах гэсэн тэмцэгчдийг эхнээс нь зоригийг нь мохоохоор хууль шүүхээр хүртэл далайлгаад эхэлсэн. Цагдаагаар баривчлуулж байгаа нь цаанаа бас л зохион байгуулалттай. Дарга нарыг чинь та нар томилдог юм биш саарал ордноос өгсөн үүрэг чиглэлийн дагуу томилдог юм гэдгийг ойлгуулах ухааруулах гэсэндээ. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ч Үндэсний зөвлөл нь манай намынхан байх учиртай гэсэн мангар бодлогыг эсэргүүцэж, эрүүл дуугарсан. Гэвч 32-ын бүлэглэл эрүүл дуугарсан нэгнийхээ эсэргүүцлийг нь Ч.Батцэнгэлийг нэр татуулснаар эвтэйхэн аргалсан. Өмнө нь 32-ын бүлэглэлд үйлчилдэг байсан МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл захирлуудын баг шинэчлэгдсэн дүр эсгээд ирээдүйд ч 32-ын бүлэгт үйлчлэх тодорхой харагдана. 2014 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын дэмжсэн МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандах, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын дэмжсэн Б.Ганболдод тамгаа шилжүүлнэ. Тэд шинэ захирлыг гурван хувилбартай оруулж ирээд эцсийн байдлаар тохирсон дүрмийн дагуу С.Адъяасүрэнг томилно.

“Чоно цатгалан хонь бүрэн” гэдэг шиг томилгоо энэ л дүр зургаар явж таарна. Хэрэв явахгүй бол их л олон дарга нарын эрх ашиг, халаас хэтэвчний асуудал хөндөгдөнө. Энэ ч утгаар тэд бүлэг зохион байгуулалттайгаар бүр эртнээс төлөвлөсөн зохиолын дагуу хөдөллөө. Олон нийтийн хуулиар хамгаалагдсан ганцхан өмчөө хамгаалан тэмцэж байгаа уран бүтээлчдийн тэмцлийг тэд ингэж л үнэгүйдүүлнэ. 32-ын бүлэглэлийнхэн алдсан эрх мэдлээ авахын тулд бус томилсон томилгоогоо тавиад туухгүйн тулд амиллаа.

Л. Нинжжамц захирлын багт багтаж байсан Ч.Батцэнгэл, Г.Гэрэл, Т.Батзориг, Ц.Лхагвадаш нарын тойрон хүрээлэгчид зөөлөн суудалтайгаа үлдэнэ. Харин хоёр ч захирлын үед хоморголон халагдаад бараг хүн үлдээгүй ч үндэсний телевиздээ бослого гаргах хэмжээний байгаа М.Наранбаатарын талынхан болох тэмцэгчдийн толгойлогчид Ерөнхий продюсер гэх мэт шагналаа авах биз. Үйл явдал хэрхэн үргэлжлэх нь бараг тодорхой ч үзэгдэл тэднийхээр явахгүй байх хүчин зүйлүүд бол бий.

Холбоотой мэдээ

ХҮН ЧАНАРЫН ХОМСДОЛ ХИЙГЭЭД БУРХАНЫ ШАШИН

Өчигдөр дөнгөж төрсөн нярайг нялх биетэй ээжтэй нь дөрвөн есийн хүйтэнд дөнгөлөх нь холгүй авч явааг

2021-01-20

МҮОНТ-ИЙН ХАМТ ОЛНЫ “ШУДАРГА ЁС”-НЫ ТЭМЦЭЛ ҮНЭГҮЙДЭХИЙН УЧИР

Энэ сарын 10-ны оройн 20 цагт Улсын Их Хурлын чуулганаар Монголын үндэсний олон нийтийн радио телеви

2020-12-13

ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээр Г. Улсболд сонгогдлоо

Хэвлэл мэдээллийн зөвлөл НҮТББ-ын дүрмийн 7.3-т заасны дагуу цахим сайтын сэтгүүлчдийг төлөөлөн ажил

2020-12-01