УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүд “Эрдэнэс Монгол” ХХК-д ажиллалаа

2020-10-07 13 0

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны төсвийг өргөн барьсан энэ үед Төрийн өмчит аж ахуйн нэгж, үйлдвэрийн газруудад тулгамдаж буй асуудлыг тодорхой болгох, төрийн мэдлийн хувьцааны ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, эрхзүйн орчныг сайжруулах чиглэлээр УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүд ажиллаж байна.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг “Эрдэнэс Монгол” ХХК-д өчигдөр /2020.10.06/ ажиллаж, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр болон үйл ажиллагаатай танилцлаа.

Сүүлийн хоёр жилд Засгийн газраас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэдэлд тодорхой лиценз, хувьцааг шилжүүлж, бодит хөрөнгөтэй болгосон нь Асгат, Салхит болон Багануурын 400 орчим сая тоннын нүүрсний ордын тусгай зөвшөөрөл, алтны ордууд юм. Эдгээр ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, улсынхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулах хүрээнд дотоод, гадаадын эх үүсвэрээс хөрөнгө босгох зэрэг бэлтгэл ажлыг хангаж буйгаа Гүйцэтгэх захирал П.Ганхүү танилцуулсан.

“Эрдэнэс Монгол” компани 2016 онд 46 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өртэй байсан бол 2019 оны жилийн эцсийн байдлаар 6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Жилд 50 гаруй тэрбум төгрөгийн татвар улсад төлдөг бөгөөд компанид бүртгэлтэй 11 лицензүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд цаашид нэмүү өртөг шингэсэн, үндэсний хэмжээний дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм. Мөн “Эрдэнэс Монгол” нэгдэл ОХУ-аас БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолой барих төслийг хэрэгжүүлэхэд төрийг төлөөлөн оролцох том үүрэг хүлээсэн. Энэ нь, хамтрагч гадаадын хөрөнгө оруулагч компаниуд монголын төрийн оролцоотой, томоохон үндэсний хэмжээний компанитай хамтран ажиллах сонирхол, байр суурьтай холбоотой гэдгийг тодотгож, бүс нутгийн эрчим хүчний интеграцид чухал байр суурь эзлэх том бүтээн байгуулалт болохыг танилцуулав.

Монгол Улсын хэмжээнд 500 орчим төрийн өмчит компани бүртгэлтэй бөгөөд нийт 32 их наяд төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй гэсэн судалгаа гарчээ. 2020 онд тус компаниудын төсөвт төвлөрүүлэх орлогыг 150 тэрбум төгрөг хэмээн төлөвлөсөн байна. Энэ нь төсвийн ердөө 0.5 хувийг бүрдүүлж байгаа учир цаашид төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг хянаж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх чиглэлд анхаарах шаардлагатайг харуулж байна гэж УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан онцолсон. Мөн тус байнгын хорооны гишүүд “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагааг дэмжиж, бие даасан хууль эрхзүйн орчноор ханган, төрийн оролцоог хязгаарлаж, бизнесийн зарчмаар хөгжүүлэх ёстойг хөндсөн.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүд төрийн өмчит компаниудад ажилласан дүгнэлтэд үндэслэн  төсөвт төвлөрүүлэх хөрөнгийг нэмэгдүүлэх талаар эрэлхийлж, төсөвт саналаа тусгах юм байна.

Холбоотой мэдээ

П.Ганхүү: “Эрдэнэс Монгол” бол Монголын уул уурхайн хамгийн том холдинг компани гэсэн эхний мессэж дэлхийд хүрсэн

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүүтэй ярилцлаа.  -“Эрдэнэс Монгол” ХХК манай уул

2020-10-09

Төрийн дээд шагнал хүртлээ

Салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зарим а

2020-10-08

УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүд “Эрдэнэс Монгол” ХХК-д ажиллалаа

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны төсвийг өргөн барьсан энэ үед Төрийн өмчит аж ахуйн нэгж, үйлд

2020-10-07