Саарал жагсаалт ба шударга олборлолт

2019-11-12 946 0

Монгол Улс саарал жагсаалтад орлоо гэх мэдээлэл сүүлийн үед монголчуудын анхаарлын төвд байж, сэтгэл зовнисон, сэвж хөөргөсөн мэдээ мэдээллүүдээр дүүрэн байна. Намууд, улстөрчид, банк санхүүгийн байгууллагууд бурууг нь бие бие уруугаа чиглүүлээд маргалдахаас өөргүй байцгаана.
Саарал жагсаалтын тухай товчхон дурдахад Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, гарал үүслийг нь далдлах үйлдэлтэй тэмцэхэд чиглэгдсэн эдийн засаг, санхүүгийн арга хэмжээ.
Дэлхий нийтээр гарал үүсэл нь тодорхойгүй мөнгөнөөс зайлсхийж, эсрэг арга хэмжээ авдаг болсон юм. Нэг ёсондоо санхүүгийн аливаа харилцаанд шилэн, тодорхой, шударга байдлыг шаардаж байна гэсэн үг.
Үүнтэй дүйцэхүйц нэгэн шинэ хандлага олон улсад бий болсон нь алт, үнэт эрдэнийн гарал үүсэл, олборлолтын шударга байдалд анхаарал тавьдаг, шударга олборлолтод үнэ цэнэ өгдөг болсон байна.
Шударга олборлолт гэдэг нь дайны сүүдэргүй, цусны толбогүй, хүүхдийн болон хүний хөдөлмөрийг мөлжөөгүй, олон улсын болон тухайн улс орныхоо хууль тогтоомжийг зөрчөөгүй, байгаль орчны эсрэг үйлдэл хийгээгүй, химийн аливаа хорт бодис ашиглалгүй олборлож, баяжуулахыг хэлдэг байна. Өнөөдөр алтан бөгжийг сорьц, хийцээр нь үнэ цэнэ тогтоохоос гадна шударга олборлолтыг хангасан байдал, эко үнэлгээгээр нь цэгнэдэг болжээ.

Амьдралын хамгийн аз жаргалтай мөчөө насан туршдаа дурсах хуримын бөгж нь цусны “үнэртэй”, хорт бодисын “хольцтой”, эх дэлхийгээ сүйтгэж байж авсан “сэтгэлд сэвтэй” алтаар бус ЭКО үнэлгээтэй алтаар хийсэн байвал илүү үнэ цэнэтэй байх шалгуур нэгэнт тогтжээ. Дэлхийн энх тайвны шагналууд, хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл Олимпын наадмын алтан медалийг ийм л үнэ цэнэтэй ЭКО алтаар хийдэг болсон нь аль ч утгаараа зүй ёсны хандлага.
Alliance for Responsible Mining (ARM) буюу Олон Улсын Хариуцлагатай уул уурхайн холбоо нь уул уурхайн салбарт чухам ийм л шилэн, тодорхой, шударга байдлыг эрхэмлэн шинэ үнэлэмж, зөв үнэ цэнийг бий болгож байгаа юм. Латин Америкийн Колумб улсад төвтэй тус холбооноос санаачлан хэрэгжүүлсэн Шударга олборлолтын стандартыг нэвтрүүлснээр тухайн улсын уул уурхайн салбар илүү хариуцлагатай, ёс зүйтэй болж хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн болон бусад хууль тогтоомжийн дагуу ажиллах нөхцөл боломж бүрэн бүрдэнэ. Үүнээс гадна ийнхүү шударгаар олборлосон эко алтныхаа кг тутамд 4-6 мянган долларын урамшуулал авах тогтолцоо бий болсон байна.
Монгол Улсын хувьд энэхүү Шударга олборлолтын стандарт хэрэгжиж эхлээд 4 жил болж байна. Хамгийн сонирхолтой нь үүнийг бичил уурхайн байгууллага анхлан эхлүүлж Олон Улсын шударга олборлолтын холбооноос “Шударга олборлолтын стандартын гэрчилгээ”-г гардан авч дэлхийн зах зээлд ЭКО үнэлгээтэй алтыг нийлүүлж байна. Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд бичил уурхайн үйл ажиллагаа явуулдаг “ХАМО ДХ” ТББ 2015 онд энэхүү стандартын шалгуурыг хангаж дээрх гэрчилгээг авсан байна. Зүгээр ч үгүй Азидаа хамгийн анхных гэж байгаа. Тэд өнгөрсөн 2016, 2017 онд гэхэд 6 кг ЭКО алтыг дэлхийн зах зээлд гарган 36 мянган долларын урамшууллыг авсан байна. Рио де Жанерогийн олимпын алтан медалийг тус ТББ-ын олборлосон алтаар хийсэн мэдээлэл бий. Энэ бол адлан хялайж, жадлан эсэргүүцэх биш бахархан түгээх сайн жишиг мөнөөс мөн.

Шударга олборлолтын стандарт гэдэг бол хэн хамаагүй зохион байгуулж титэм олгодог миссийн тэмцээн биш. Маш нарийн шалгуурыг хангаж байж энэ гэрчилгээг авдаг гэнэ.
Энэ гэрчилгээг авахын тулд бичил уурхайчид хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, байгалийн нөхөн сэргээлт, аймаг орон нутагтаа татвар төлдөг баримт, нийгмийн сайн сайхныг төлөө хийсэн ажил, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдсөн байдал, тухайн улсын хууль тогтоомжыг дагаж мөрдсөн байдал зэрэг 200 гаруй шалгуурыг давах хэрэгтэй болдог. Энэ бүх шалгуурыг хангасны дүнд Шударга олборлолтын аудитын байгууллага хяналт шалгалт хийж, шударга олборлолтын стандартын сертификатыг өгнө. Тэгээд ч зогсохгүй 5 жил дараалан аудит хийж стандартын дагуу ажиллаж байгаа эсэхийг хянадаг байна.
2018 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын бичил уурхайн Шижирхишиг нөхөрлөл мөн шалгуурыг давж Шударга олборлолтын гэрчилгээг гардан авсан бол энэ жил тус сумын “Дууш мандал хайрхан” ТББ олон улсын аудитаар орон,  шалгуур, болзлуудыг ханган шийдвэрээ хүлээж байна.
Энэ мэтчилэн Монголын бичил уурхайчид олон улсын жишиг стандартад бүрэн нийцсэн, хариуцлагатай, ёс зүйтэй үйл ажиллагаа явуулаад нэгэнт эхэлсэн байна. Нэг, хоёр нь ийнхүү сайн сайхан, зөв зүйтэйд түүчээлээд, амжилттай ажиллаад эхлэхээр бусад нь даган дуурайж, шударга хариуцлагатай ажиллах урам зоригтой байна.
Бичил уурхайн байгууллагууд бүгд биш юм аа гэхэд дийлэнх нь энэхүү шударга олборлолтын стандартыг хэрэгжүүлж ажиллавал Монголын уул уурхай, байгаль орчны салбарын асуудал хүндрэлүүдийн нэлээд хувь нь сайн тал уруугаа аяндаа шийдэгдэнэ гэсэн үг.
Саарал жагсаалтаас Монгол Улс хурдан түргэн гарах хэрэгтэй. Сайн жишиг, сайн үйлсийг ч дэмжин түгээх шаардлагатай. Бичил уурхайн салбарыг саарал биш сайхан ирээдүй хүлээж байна даа.
Сонирхуулахад: Эко алтны хэрэглээг Швейцарын тансаг зэрэглэлийн гоёл чимэглэлийн Chopard брэнд дэлхий нийтэд анх түгээжээ. 2013 онд Каннын кино наадамд оролцсон эрхмүүд эко алтаар урласан цувралаар гоёсноор хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр шингээгүй, байгаль орчинд хортой технологи ашиглаагүй, нийлүүлэлтийн ил тод сүлжээ бүхий хариуцлагатай уул уурхайн төлөө дуу хоолойгоо нэгтгэсний тод жишээ болжээ.Үүний дараа 2015 онд Колумбын бичил уурхайчдын олборлосон алтаар Нобелийн энх тайвны шагналыг урласан нь эко алтны үзэл санааг түүчээлсэн гэдэг. Харин 2016 онд Риогийн Олимпын нээлтийн үеэр Кенийн хөнгөн атлетикийн алдарт тамирчин Кипчоге Кейно эко алтаар урласан “Олимпын лавр” шагналын эзэн болсон байдаг.

С.Бадмаараг

Холбоотой мэдээ

Саарал жагсаалт ба шударга олборлолт

Монгол Улс саарал жагсаалтад орлоо гэх мэдээлэл сүүлийн үед монголчуудын анхаарлын төвд байж, сэтгэл

2019-11-12

ДААН ЧИГ ЯАВ ДАА Б.АМАРХҮҮ МИНЬ

Өнгөрсөн шөнө дуучин Б.Амархүү гэрийнхээ гадаа машиндаа хар тамхи хэрэглэж байгаад баригдаж гэнэ. ЦЕ

2019-09-20

Хариуцлагатай бичил уурхайчид Засгийн газартай хамтарч ажиллах сонирхолтой байна

  Сүүлийн үед Монгол улсын Засгийн газраас уул уурхайн салбар дахь эмх замбараагүй байдал, х

2019-09-18