“Саарал жагсаалт”-д орох эрсдэл өндөр хэвээрээ

2019-06-11 21 0

-Хууль нь шинэчлэгдсэн ЖДҮ-ийн зээлийн хүүг хоёр хувь болгохоор судалж байна-

Эдийн засгийн салбарын онцлох сэдвүүдээс тоймлон хүргэж байна. Валютын ханшийн хэлбэлзлийг дагаж унаж тусаад байдаггүй дархлаатай  болохын тулд эдийн засгийн бүтцийг өргөжүүлэх, төрөлжүүлэх хэрэгтэйг бид өнгөрсөн өдрүүдэд мэргэжилтнүүдийн байр суурьт тулгуурлан мэдээлсэн билээ. Мөн манай улс Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-ын “Саарал жагсаалт”-д орох эрсдэл өндөр хэвээр байгааг Төв банкны байр суурьтайгаар хүргэснээ тодотгоё. Хууль нь шинэчлэгдсэн ЖДҮ-ийн зээлийн хүүг хоёр хувь болгохоор судалж буйг салбарын сайд Ч.Улаан мэдэгдээд байна.

Ингээд анхаарал татсан бусад мэдээллийг хүргэе.


ДЭЛХИЙН БАНКНЫ ШИНЭ ЗӨВЛӨГӨӨ

Дэлхийн банк эдийн засгийн төв коридорыг манай эрх баригчдад сануулсныг тойм онцолж байна. Улаанбаатар хотоор дамжин БНХАУ ба ОХУ-ыг холбох тээврийн гол сүлжээ болох Монголын эдийн засгийн төв коридор нь Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд хүргэж, уул уурхайн нөөцөөс бусад бараа бүтээгдэхүүний экспортыг төрөл­жүүлэх таатай боломжийг олгохоор байгаа ч  ашиглалт бага, ахиц дэвшилгүй гэх юмгүйг Дэлхийн банкны тайланд өгүүлсэн байгаа юм. Эдийн засгийн коридорыг үр өгөөжтэй ашиглахад хоёр хөршийн хандлага чухал ч Дэлхийн банкны тухайд манай эрх баригчдыг илүү санаачлагатай, үр ашигтай ажиллахыг сануулж байна. Өнгөрсөн арван жилийн хугацаанд Монгол Улсад уул уурхай, түүхий эдийн экспорт тааламжтай эерэг байсан ч дэлхийн зах зээлд Монгол Улсын агробизнесийн бүтээгдэхүүний эзлэх хувь бага хэвээр байна. Монгол Улсын харьцангуй давуу талыг эдийн засгийн коридор, ялангуяа Эдийн засгийн төв коридортой холбоотой сул талууд ихээхэн хойш нь чангааж буйг Дэлхийн банкнаас тодотголоо. Дэлхийн Банкны Хятад, Солонгос, Монгол Улсыг хариуцсан захирал Ноён Мартин Райзер “Монгол Улсын худалдааны өрсөлдөх чадварыг дээшлүүлж, экспортыг төрөлжүүлэхэд Эдийн засгийн төв коридорын потенциалыг бүрэн ашиглах нь чухал.

Энэхүү тайлан нь Эдийн засгийн төв коридорын үр өгөөжийг хэрхэн сайжруулах, хөдөө аж ахуйн нийлүүлэлтийн сүлжээг хэрхэн бэхжүүлэх талаар Монгол Улсын эрх баригчдад чухал мэдээлэл өгнө гэдэгт найдаж байна” гэсэн бол  тус банкны ахлах эдийн засагч Марчин Пиатковски “Эдийн засгийн төв коридор сул хөгжсөний дээр ашиглалт бага байгаа нь тээврийн зардлыг нэмэгдүүлж, экспортын зах зээлд нийлүүлэх бараа бүтээгдэхүүний төрөл зүйл, хэмжээг хязгаарлаж байна. Эдийн засгийн төв коридороор илүү их бараа бүтээгдэхүүн экспортолж чаддаг болсон цагт л түүний  эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, улмаар экспортын чанар сайжирч Монгол Улсын хөгжилд саад болж буй сөрөг нөлөөллийг зогсооно” гэсэн юм.


БОНДУУДЫН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙГ ХОЙШЛУУЛАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ

Төсвийн орлого өнөөдөр боломжийн  түвшинд байгаа  ч  үргэлж ийм хэвээрээ байна гэсэн үг биш гэдгийг анхаарч урагшлах ёстой юм. Түүхий эдийн ханш үргэлж л циклтэй байж, унаж, өгсдөг.Үүнээс гадна тэргүүлэгч гүрнүүдийн худалдааны дайн гэхчлэн томоохон хүчин зүйлсийн нөлөөллийг бид санах ёстой болчихоод байна.Түүнчлэн эдийн засагчид, судлаачдын зүгээс эрх баригчдад өгч буй зөвлөмжүүдээс тоймлон хүргэе.

Эдийн засгийн нөхцөл байдал сайжирч байгаа нь уул уурхайн үйлдвэрлэл, түүхий эдийн үнийн сэргэлт дээр суурилсан гэдгийг засгийн газар, улс төрчид болон олон нийт мартаж болохгүй бөгөөд болзошгүй сөрөг шок, эдийн засгийн савлагаанд ямагт бэлтгэлтэй байх хэрэгтэй.Засгийн газар орлогын төсөөллийг илүү няхуур, болгоомжтой хийх шаардлагатай байна. Засгийн газар 2010 оны Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тусгасан төсвийн анхны дүрмүүдийг аль болох хурдан мөрдөж эхлэх ёстойг,  дүрмүүдийг түр зуурын таагүй нөхцөл байдалд тохируулан байн байн өөрчлөх явдлыг зогсоох шаардлагатайг судлаачид хэлж байна.

Мөн Засгийн газар төсвийн зардлыг батлагдсан түвшнээс нь хэтрүүлэхгүй байх хэрэгтэй.Орлогын гүйцэтгэл сайн байсан ч зардалд тавих хязгаарлалтаа сулруулахгүй байх нь чухал.  2021-2024 оны бондуудын эргэн төлөлтийг хойшлуулахгүйг хичээж, өрөө бууруулахад анхаарах хэрэгтэй. Засгийн газар Төсвийн тогтворжуулалтын санд хуримтлал үүсгэхээс илүүтэйгээр өрийг бууруу­лахад анхаарах нь зүйтэй.Учир нь өрийн хэмжээ өндөр байгаагаас гадна Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийн өгөөжөөс илүү өндөр зээлийн хүү төлөгдөж буйг сануулж байна.



МАНАЙ УЛС ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН БҮСЭД НЭГДҮГЭЭРТ БИЧИГДЖЭЭ

“Open Data Watch” байгууллагаас жил бүр зарладаг дэлхийн 193 орны статистикийн байгууллагуудын 2018 оны мэдээллийн хүртээмж болон нээлттэй байдлын үнэлгээгээр Монгол Улсын Үндэсний статис­тикийн хороо 13 байраар урагшилж 11 дүгээрт, зүүн өмнөд Азийн бүсэд нэгдүгээрт бичигджээ. Үндэсний статистикийн хорооны 2018 оны үйл ажиллагааны тайланг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулах үеэр  тус хорооны дарга А.Ариунзаяа энэ тухай онцолж байв.Монгол Улсын Статистикийн тухай хуулийн дагуу тооллого, судал­гааг зохион байгуулж, албан ёсны статистикийн 48 багц үзүүлэлтийг тооцох мэдээллийг цуглуулж боловсруулахаас гадна 2018 онд анхдагч мэдээллийн чанар, статистикийн шинэ арга аргачлал, төрлүүдэд анхаарлаа түлхүү хандуулан ажилласныг дуулгалаа.

Үндэсний статистикийн хороо­ноос 2018 онд төрийн захиргааны байгууллагуудын мэдээллийн сангийн уялдаа, мэдээллийн технологийг ашиглах, хангах чиглэлд ахиц дэвшил гаргасан болохоо танилцуулгадаа дурдсан. ХУР системд холбогдох гэрээг байгуулан, мэдээлэл солилцох хуудсыг шинэчлэн, төрийн нэгдсэн сүлжээгээр дамжуулан нууцлал хангасан техникийн тохиргоог хийсэн. Ингэснээр статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн төрийн мэдээллийн ХУР системээр дамжуулан  төрийн есөн байгууллагатай мэдээлэл шууд солилцон ажиллаж байгаа аж.

Хүн ам, өрхийн мэдээллийн сан болон Бизнес регистерийн мэдээллийн санд бусад төрийн байгууллагуудын 10 сантай мэдээллээ тулган шалгажээ. 2018 онд Үндэсний статистикийн хорооноос тархааж буй мэдээлэлд өөрийн үнэлгээг хийж, мэдээллийн боловсруулалтыг дэлгэрүүлэх боломжийг тодорхойлжээ. Энэ хүрээнд статистикийн мэдээллийн нэгдсэн санд 739 хүснэгтээр түгээж буй олон жилийн динамикийг дахин 234 үзүүлэлтүүдээр нэмэх ажлыг хийж байгаа гэлээ. Үндэсний статистикийн хорооноос захиргааны бүртгэл, мэдээллийг илүү сайн ашиглах боломжийг судалж, шинээр мэдээллийн эх үүсвэрийг бий болгох ажлыг хийж байгаа аж. Үүнд тус хороо төдийгүй бусад байгууллагын удирдлагын санал, санаачилга ихээхэн чухал байгааг тэрбээр онцоллоо. Монгол Улсын хүн ам, орон сууцны ээлжит тооллого 2020 оны нэгдүгээр сарын 8-9-нд шилжих шөнийн 00 цагаар товлон, долоо хоног үргэлжлэх бөгөөд бэлтгэл ажил явагдаж буйг мөн дуулгасан юм.

Холбоотой мэдээ

Саарал жагсаалт ба шударга олборлолт

Монгол Улс саарал жагсаалтад орлоо гэх мэдээлэл сүүлийн үед монголчуудын анхаарлын төвд байж, сэтгэл

2019-11-12

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой энэ оны 10 сарын 1-ний өдөр тохиож байгаа бөгөөд төрсөн өдрөө Хята

2019-09-26

ДААН ЧИГ ЯАВ ДАА Б.АМАРХҮҮ МИНЬ

Өнгөрсөн шөнө дуучин Б.Амархүү гэрийнхээ гадаа машиндаа хар тамхи хэрэглэж байгаад баригдаж гэнэ. ЦЕ

2019-09-20