Хотын эрх зүйн асуудал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд хэрхэн тусав

2019-06-11 36 0
Монгол Улс хэдэн хоттой вэ  гэхээр ихэнхдээ эргэлзсэн хариулт сонсоно. Яг үнэндээ  хүчин төгөлдөр байгаа хуулийнхаа зохицуулалтаар Улаанбаатар гэсэн ганцхон хоттой. Өмнөх нийгмийн үед хотын статустай байсан Эрдэнэт, Дархан болон аймгуудын төв одоо зүгээр л сумын төв болсон. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөс иргэд хотоо нэхэх шалтгаан нь энэ. Ер нь 1990-ээд оны эхэн үеэс буюу 1992 онд Үндсэн хууль батлагдаж эхэлсэн үеэс эхлэн хотын эрх зүйн асуудал хөндөгдөж ирсэн байдаг. 2017 оны зун Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг явуулах үеэр энэ асуудлаар  273 гаруй мянган иргэн санал бодлоо илэрхийлж 65.9 хувь нь хотын статусыг сэргээхийг дэмжжээ.

Аймаг, нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч иргэдээс бус сум дүүргийн төлөөлөгчдөөс сонгогддог болох юм. Өөрөөр хэлбэл аймаг, нийслэлийн ИХ-ын төлөөлөгч болсон хүн хоёр шатны хурлын байгууллагын төлөөлөгч болно

Ийнхүү орон нутгийн хотын статусыг үгүй болгосноор олон сөрөг асуудал үүссэн гэдгийг судлаачид хэлдэг. Тухайлбал, ойлгомжгүй байдал, давхардал, зэрэг дэв, удирдах удирдуулах ёсны эрэмбэ дэв алдагдсан гэж үздэг. Түүнчлэн хотын хөгжлийн өрсөлдөөн үгүй болж, энэ нь орон нутгийн эдийн засгийн бие даасан байдлыг алдагдуулсан гэж үздэг. Энэ нь улмаар төрж өссөн аймаг хотдоо ажиллаж амьдрах гэсэн иргэдийн хүслийг мохоож Улаанбаатар руу чиглэсэн их нүүдлийг эхлүүлэх шалтгаан болсон билээ.

Харин энэ алдааг засч залруулах боломж удахгүй хэлэлцэх Үндсэн хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтийг баталснаар бүрдэх боломжтой. Ингэвэл Монгол Улс улсын чанартай болон орон нутгийн хотын статустай болно.

Одоогийн хүчин төгөлдөр хуулиар Засаг захиргааны үндсэн гурван нэгж бий. Үүнд: нэгд, аймаг нийслэл, хоёрт, сум дүүрэг, гуравт баг хороо. Гэхдээ энэ гурван түвшний засаг захиргааны нэгж нь бүгд ижилхэн чиг үүрэгтэй. Тиймээс алиныг нь суурь нэгж гэх юм бэ гэсэн асуудал урган гардаг. Харин Үндсэн хуульд оруулахаар төлөвлөж буй нэмэлт өөрчлөлтөд  сум, дүүргийг үндсэн  суурь нэгж хэмээн зааж, татвар тогтоох, өмчтэй байх  гэхчлэн эрх мэдлийг тийш нь илүү төвлөрүүлье гэж  байгаа юм.

Нутгийн удирдлагын тогтолцоог боловсрнгуй болгохтой холбоотой зарчмын хоёр том өөрчлөлт оруулахаар яригдаж байгаагийн нэг нь энэ юм. Харин нөгөөх нь аймаг, нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч иргэдээс бус сум дүүргийн төлөөлөгчдөөс сонгогддог болох юм. Өөрөөр хэлбэл, аймаг, нийслэлийн ИХ-ын төлөөлөгч болсон хүн хоёр шатны хурлын байгууллагын төлөөлөгч болно гэсэн үг. Одоо монголчууд бүх шатны 5 сонгууль хийж байгаа. Харин нэмэлт өөрчлөлтөөр  аймаг, нийслэл  болон баг хорооны сонгууль гэж байхгүй болж 3 шатны сонгуультай болно.

Сум, дүүргийн Засаг дарга нар томилгоогоор бус нутаг дэвсгэрийнхээ иргэдээс сонгогдож, аймаг, нийслэлийн Засаг дарга нар батламжилдаг байхаар тусгаад байна. Харин баг хорооны Засаг дарга нарыг сум дүүргийн Засаг дарга нар шууд томилох юм. Учир нь баг хорооны Засаг дарга нар бол төрийн албан хаагч, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг албан тушаалтан гэдэг утгаараа эрх зүйн ийм зохицуулалттай байх аж.

Тэгэхээр сум, дүүргийн ИТХ-ын дарга болон Засаг дарга нарын тухайд хоёулаа иргэдээсээ сонгогддог болно. Тийм болохоор эрх мэдлийн зөрчил үүсэх, эсвэл орон нутгийнхаа ажилд хэт анхаараад засаг төрийн  ажлыг цалгардуулахгүй биз гэсэн асуулт бас гарна.  Гэхдээ энэ мэт эргэлзээг бусад органик хуулиараа зохицуулах  боломжтой гэж байгаа юм.

Өөр нэг асуудал гэвэл иргэдээсээ сонгогдсон сум, дүүргийн Засаг дарга нарыг ИТХ огцруулж болно. Ингэсэн тохиолдолд дараагийн даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга нар шууд  томилж байх юм.

Уншигч та бүхнийг Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохоор ямар нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа болон хүчин төгөлдөр байгаа Үндсэн хуульд  хэрхэн туссан талаар харьцуулан хүргэж байна.

Нэг. Хотын эрх зүйн байдлыг тодорхой болгох асуудлаар:

Үндсэн хуулинд:

57.2.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.

Нэмэлт өөрчлөлтийн төсөлд:

57.2.Улсын болон орон нутгийн харьяалалтай хот, тосгоны эрх зүйн үндэс, тэдгээрийн өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтооно.”

Хоёр. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлох талаар:

Үндсэн хуулинд:

59.2.Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал, тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн.

59.3.Аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно. Эдгээр Хурлын болон сум, дүүргийн Хурлын төлөөлөгчдийн тоо, сонгох журмыг хуулиар тогтооно.

Нэмэлт өөрчлөлтийн төсөлд:

59.2.Монгол Улсын нутгийн өөрийн удирдлагын үндсэн байгууллага нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал мөн. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн болон татвар тогтоох эрхтэй байна. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг иргэд сонгох журмыг хуулиар тогтооно

59.3. Аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурал нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дөрвөн жилийн хугацаагаар сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэнэ.”

Засаг Гурав.Бүх шатны даргыг томилрх, огцруулах журмын талаар:

Үндсэн хуульд:

60.2.Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд; сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно.

60.3.Ерөнхий сайд буюу дээд шатны нэгжийн Засаг дарга доод шатныхаа нэгжийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар дахин нэр дэвшүүлж томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална.

Нэмэлт өөрчлөлтийн төсөлд:

60.2.Аймаг, нийслэлийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлж Ерөнхий сайд; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно. Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлд заасан журмаар дахин нэг удаа нэр дэвшүүлж Ерөнхий сайд томилно.

60.3.Сум, дүүргийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд дөрвөн жилийн хугацаагаар сонгож, аймаг, нийслэлийн Засаг дарга арван тав хоногийн дотор батламжилна. Сум, дүүргийн Засаг даргын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.”

Холбоотой мэдээ

Саарал жагсаалт ба шударга олборлолт

Монгол Улс саарал жагсаалтад орлоо гэх мэдээлэл сүүлийн үед монголчуудын анхаарлын төвд байж, сэтгэл

2019-11-12

ДААН ЧИГ ЯАВ ДАА Б.АМАРХҮҮ МИНЬ

Өнгөрсөн шөнө дуучин Б.Амархүү гэрийнхээ гадаа машиндаа хар тамхи хэрэглэж байгаад баригдаж гэнэ. ЦЕ

2019-09-20

Хариуцлагатай бичил уурхайчид Засгийн газартай хамтарч ажиллах сонирхолтой байна

  Сүүлийн үед Монгол улсын Засгийн газраас уул уурхайн салбар дахь эмх замбараагүй байдал, х

2019-09-18