“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл”-ийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ

2019-05-17 45 0

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Комисс нь тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг тодорхойлж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн барьдаг билээ.

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг “Монгол Улс дахь хүний эрхийн боловсролын талаарх бодлого, түүний хэрэгжилт”, “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал”, “Ажлын байран дахь бэлгийн дарамтын нөхцөл байдал”, “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа”, “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт”, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагааны төлөв байдал” гэсэн үндсэн 6 сэдвийн хүрээнд боловсруулж 2019 оны 03 дугаар сарын 29-нд УИХ-д өргөн барьсан юм.

Уг илтгэлийг УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хууль зүйн байнгын хорооны хуралдаануудаар тус тус хэлэлцэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсний дагуу 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар сонслоо. Хуралдааны эхэнд 18 дахь илтгэлийн агуулга, саналыг Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, өмнөх хуралдаануудаар гарсан тогтоолын төслийг УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь нар танилцууллаа.

…Өнөөдөр нийгэмд тулгамдаад байгаа хүний эрхийн зөрчил, хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр талууд хамтран ажиллах, хянаж шалгах, хамгаалах чиг үүрэг бүхий цагдаагийн байгууллагын төсөв санхүүг нэмэгдүүлэх, “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-үүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нээлттэй хэлэлцдэг болох, төр засгийн зүгээс хүний эрхийн асуудлыг нэн тэргүүнд анхаарал хандуулж, зохих шийдвэрүүдийг яаралтай гаргаж, арга хэмжээ авдаг болох, урьдчилан сэргийлэх буюу хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэхийг бодлогоор дэмжих, холбогдох яамдад хариуцлагыг нь сануулж байх, эрүүдэн шүүлтэд өртсөн нь тодорхой болсон 2 иргэнийг нэн даруй цагаатган суллах зэрэг санал, асуултуудыг эрхэм гишүүдийн зүгээс тавьж байлаа.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос энэ жил хүний эрхийн асуудлаар шийдвэр гаргуулахаар 25 саналыг УИХ-д хүргүүлсэн бөгөөд эрүү шүүлтийг таслан зогсоохтой холбоотой хоёр саналд анхаарал хандуулж өгөхийг ХЭҮК-ын дарга, гишүүд хүссэн юм. Монгол Улс одоогоос 5 жилийн өмнө Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын Нэмэлт протоколд нэгдэж орсноор өөрийн улсад Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг байгуулах үүрэг хүлээсэн байдаг. Уг байгууллагыг нэн даруй байгуулах, мөн эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах бие даасан байгууллагыг нэн даруй байгуулах саналыг шийдвэрлэж өгөөрэй гэсэн юм. Чуулганы нэгдсэн хуралдаанаар 18 дахь илтгэлийг хэлэлцэх үеэр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг яаралтай шинэчлэн найруулах хэрэгцээ шаардлага байгааг УИХ-ын нэр бүхий гишүүд сануулж байлаа.

Уг хуулийн төсөл Хууль зүй, дотоод хэргийн яаманд ирсэн байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж дурдав. “Хүний эрхийн асуудалд хойрго хандаж ирсний нэг илрэл нь “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-ийг 14 жилийн дараа УИХ нээлттэй хэлэлцэж байгаа явдал харуулж байна. Цаашид соён гэгээрүүлэх чиглэлд түлхүү анхаарах шаардлагатай” хэмээн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хэлэв. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Хүний эрхийн асуудлыг яривал маш их зүйл байна. Товчлоод гол санаагаа хэлье. УИХ-ын дарга, та ч санал гаргаж байсан. Хүний эрхийн асуудал хамаарахгүй салбар ч алга. Тэгэхээр УИХ-д Хүний эрх, Иргэний боловсролын байнгын хороог байгуулах саналтай байна. Аль нэг Байнгын хороог татан буулгаад энэ хороог байгуулсан ч болно” гэсэн юм.

Ийнхүү хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг хэлэлцсэний эцэст УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас дараах шийдвэрийг гаргахаар дэмжлээ. Үүнд: Хүний эрхийн Үндэсний Комиссоос жил бүр өргөн барьдаг “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-үүдийг жил бүр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар нээлттэй хэлэлцдэг болох, ирэх 7 хоногт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудалд УИХ-ын Хүний эрх, иргэний боловсролын Байнгын хороог байгуулах талаар тусгахаар болж, 2018 онд Хүний эрхийн Үндэсний Комиссоос УИХ-д өргөн барьсан “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл”-д туссан саналыг хэрэгжүүлэх тогтоолын төслийг 18 дахь илтгэлийн саналтай хамтатган гаргахыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд даалгалаа. Түүнчлэн 2019 оны 05 дугаар сарын 29-нд хүүхдийн эсрэг хүчирхийллийн сэдвээр зохион байгуулах нээлттэй сонсголын үеэр хүний эрхийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг бэлтгэн оролцохыг холбогдох байгууллагуудад үүрэг болгов.

Холбоотой мэдээ

О.Баасанхүү гишүүн АН-ыг бүлэгтэй болгох уу?

УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ын зөвлөлд нэгдэж, АН-ыг УИХ-д албан ёсны бүлэгтэй болгохоор явна гэдгэ

2019-06-11

УИХ дахь Монгол Ардын Намын бүлгээс Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой мэдэгдэл гаргав

Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой гарч буй санал шүүмжлэлийн дагуу УИХ дахь Монгол

2019-05-21

“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл”-ийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 20 дугаар зүйлий

2019-05-17