Финтек бол бизнесийн шинэ орон зай, дэлхийн зах зээлээс хөрөнгө босгох боломж

2019-05-15 39 0

Финтекийн ирээдүй буюу Олон улсын “Frontier Fintech Summit 2019” арга хэмжээг Улаанбаатар хотноо анх удаа Гадаад Харилцааны Яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын финтекийн холбоо хамтран “Хөгжиж буй зах зээл дэх финтекийн инновац” сэдвийн дор зохион байгууллаа. Энэ арга хэмжээний үеэр сонирхогч талууд, оролцогчид, дэлхий дахинаа хурдацтай хөгжиж байгаа санхүүгийн технологийн өнөөгийн байдал, Монгол Улсад хэрхэн хөгжиж буй тухай, финтекийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, мэдээлэл солилцсон юм. Чуулганд финтекийн салбарт дэлхийд тэргүүлж яваа энтрепренерүүд, Монголын бизнесийн манлайлагчид, бодлого тодорхойлогчид, чадварлаг мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчид оролцож финтекийн хөгжил, сайн жишээ, асуудлын шийдлүүдийг хэлэлцсэн. Мөн Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын конгрессын гишүүн Дэвид Сорэс, Хонг Конгийн “Инпут Аутпут” компанийн гүйцэтгэх захирал Чарлез Хоскинсон, БНСУ-аас “Трасс Чейн Koрea” компанийн гүйцэтгэх захирал Хан Санг Вү зэрэг зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн.
Бид, ГХЯ-нд болсон “Frontier Fintech Summit-Policy&Regulation” дугуй ширээний хэлэлцүүлгийн үеэр зарим оролцогчтой уулзаж мэдээлэл авлаа.

Д.Цогтбаатар: Бидэнд финтекийг ашиглаад, нүүрс зарснаас илүү ашиг олох боломж бий

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ийнхүү ярив.

-Дэлхий даяар технологийн хөгжил маш хурдацтай явж байна. Монгол Улсад ч шинэ технологи ашиглах, нэвтрүүлэх боломж их бий. Өнөөдөр бид финтекийн талаар ярилцаж, саналаа солилцож байна. Бид “Оюу толгой”-г биш оюунаа ашиглаж амьдрах тухай их ярьдаг. Тэгвэл тэр боломжийг яг энэ хурал, үүнийг сонирхон ирж байгаа том хөрөнгө оруулагчид бодитоор бий болгох юм. Жишээлбэл, блокчэйн технологийн хамгийн том уураг тархи, эх сурвалж бологсдын нэг Чарлез Хоскинсон гэж хүн ирчихсэн байна. Энэ хүн финтекийн асуудлаар монголд сургалт зохион байгуулна, тогтмол хөтөлбөр нэвтрүүлнэ. Тэгэхээр монголын олон залуу энэ талбарт ажиллах мэдлэг боловсрол олж авна. Зөвхөн монголдоо байж байгаад өөрийнхөө үйлчилгээ, ур чадварыг дэлхийн аль ч өнцөгт зарах боломжтой болно. Шинэ ажлын байр, орлого олох боломж бүрдэнэ. Үүнийг л бид бодитоор дэмжих үүднээс энэ хурлыг ГХЯ дэмжиж хамтран зохион байгууллаа.
Орчин үеийн бизнесийн шинэ орон зайг бий болгоход бид анхаарах ёстой. Орон зай үүссэний дараа финтек, интернэт орон зайд явагддаг үйлдвэрлэл үйлчилгээ өөрөө хөгжөөд явах боломжтой. Жишээлбэл манайд банк санхүүгийн үйлчилгээ авч чадахгүй байгаа хүмүүс бий. Өнөөдөр бид техникийн хөгжлийн түвшиндээ бол сансар луу пуужин хөөргөж чадахгүй байж магадгүй. Гэхдээ финтекээр дамжуулаад иргэддээ банкны үйлчилгээг хүргэх боломж, чадавх бол байгаа. Бид зөв хуваарилалт, хөрөнгө оруулалт хийж, төрийн зүгээс зөв анхаарал тавих нь чухал юм.
-Финтекийг хөгжүүлэх хууль эрх зүйн боломж нь ямар байгаа вэ?
-Бизнес орон зайг аль болох хууль эрх зүйн хувьд чөлөөтэй болгох тал дээр анхаарах ёстой юм. Бид асуудал руу хэт их орж бүгдийг зохицуулах гэж давхихгүйгээр, хөгжих боломжийг нь олгож, яаж дэмжиж болох вэ гэдэг зохицуулалтын тухай ярьж байна. Энэ бол газраас бүх ард түмний баялгийг ухаж гаргах тухай асуудал биш шүү дээ. Бид, өнөөдөр монголд байхгүй байгаа, боломжийг нь нээж өгөөд бүрэн дүүрэн оруулаад ирвэл шинээр бий болох баялгийн тухай, зах зээлийн тухай ярьж байна. Би, гадныхан орж ирээд шинэ бизнес хийхээр, нөгөө л “Гадныхан, монголын тархийг сороод мэдлэгийг нь аваад явчихлаа” гэх мэт юм битгий яриад байгаасай гэж жинхнээсээ хүсч байна. Энэ бол монгол тархийг хэрэгцээтэй, эрэлттэй болгож өгч байгаа асуудал. Тэгэхээр ийм бизнес эрхлэгчид орж ирэх нь бидэнд ашигтай, сайн. Төр засаг үүнийг дэмжиж, тодорхой хугацаанд татварын хөнгөлөлт ч үзүүлж болно шүү дээ. Яагаад гэвэл энэ чинь татварын хөнгөлөлттэй үедээ газар доорх баялгийг ухаж аваад гарчих бизнес биш. Монголчуудын оюуны хүчийг зөвөөр ашиглаад хамтран ажилласны дараа монгол тархи эндээ байж л байна. Дэмжиж хөгжүүлэхэд цаашид тасралтгүй үргэлжлэх бизнес. Тэгэхээр бид “Тодорхой хугацаанд хөнгөлөлт үзүүлэх нь зөв” гэх мэтээр шинэлэгээр сэтгэж ажиллах хэрэгтэй байна. Гол нь манайхан программ хангамжийн чиглэлээр гарч ирж байгаа шинэ бүтээгдэхүүнийг ашиглахад оролцож, түүнийгээ гадагш экспортолдог болоосой. Эндээс гарах бүтээгдэхүүнийг далайгаар, контейнерээр зөөхгүй. Тэгээд ямар ч нүүрснээс илүү ашиг олж магадгүй юм.

С.Даваасүрэн: Финтекийн орчин нь хил хязгааргүйгээр санхүүгийн үйлчилгээ, бүтээгдэхүүнийг хүртэх боломж олгоно

Санхүүгийн зохицуулах хорооны дарга, эдийн засгийн ухааны доктор С.Даваасүрэн.

-Финтек гэж юу вэ?
-Дэвшилтэт технологи дээр суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдтэй холбоотой асуудал.
-Монголын зах зээлд финтекийг хэрхэн хөгжүүлэхээр ярилцаж байна вэ?
-Бид сүүлийн жилүүдэд финтекийн хувьд нэлээн ахиц дэвшилтэй явж байгаа. Ялангуяа шинээр санхүүгийн зах зээлд орж ирж байгаа компаниудын хувьд технологид суурилсан үйлчилгээ, бүтээгдэхүүнүүдийг олон нийтэд олноор нь санал болгож байгаа. Тухайлбал, банк бус санхүүгийн байгууллагын салбарт финтек дээр суурилсан бүтээгдэхүүнүүд буюу гар утаснаасаа зээлийн үйлчилгээг хүртэх боломжтой боллоо, олон төрлийн төлбөр үйлчилгээг хийдэг болох боломжууд нээгдэж байна. Финтекийн энэ үйл явц нь хүмүүсийн өдөр тутмын амьдралд, ялангуяа аж ахуйн нэгжүүүдийн үйл ажиллагаанд томоохон дэвшлийг авчирлаа. Тэр хэрээр финтек дээр суурилсан бараа бүтээгдэхүүний үйлчилгээ өргөжих нь орлогын хуваарилалтыг сайжруулах, ядуурлыг бууруулах, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх нэг чухал суурь болж байгаа. Зохицуулагч байгууллагуудын хувьд финтек дээр суурилсан санхүүгийн үйлчилгээнүүдийг зохицуулахын тулд эрсдэлийг нь бас тооцох ёстой. Энэ бүтээгдэхүүн үйлчилгээний аюулгүй байдлыг хэрхэн хангах, хувь хүмүүсийн мэдээллийг яаж хамгаалах вэ гэдэг асуудал нь эргээд финтек дээр суурилсан бараа бүтээгдэхүүний нөгөө талд нь бий болж буй зардал гэж ойлгож болно. Бид санхүүгийн салбарт бий болсон дэвшилтэт технологи, үйл ажиллагаан дээр тодорхой төрлийн хамгаалалтуудыг яаж хийх вэ, эргээд финтекийг орчныг хэрхэн сайжруулж, үр өгөөж, ашигтай байдлыг нь нэмэгдүүлэх вэ гэдэг талаар хэлэлцэж байна. Олон орны энэ салбар, чиглэлээр ажилладаг хүмүүс цугларлаа. Тэгэхээр энэ талаар олон зөв шийдлийг гаргана байх гэж бодож байна.
-Хамгаалалт, мэдээллийн аюулгүй байдлын тухай асуудлыг хэрхэн хөндөж байгаа бол?
-Хамгаалалт гэдэг нь кибер аюулгүй байдлын тухай маш чухал асуудал юм. Энэ асуудалд зөвхөн манай улс төдийгүй дэлхий нийтээрээ анхаарч байна. Финтекийн орчин нь хил хязгааргүйгээр санхүүгийн үйлчилгээ, бүтээгдэхүүнийг хүртэх боломжийг нэмэгдүүлж байгаа. Тийм учраас хамгаалалт, аюулгүй байдлын асуудалд олон улс орон хамтарч ажиллах тухай яригдаж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Дэлхийн банкны олон улсын валютын сангийн чуулганы үеэр ч энэ асуудал чухлаар тавигдсан.
Финтек бол хувьсгал юм

The Defacto” институтийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, “DeFacto ярилцлага”хөтлөгч, эдийн засагч, Д.Жаргалсайхан.

-Финтек гэж юу вэ. Бидэнд ямар боломж байна?
-Яг интернэт гэдэг шиг дараагийн том давалгаа, блокчэйн гээд технологийн өөрчлөлт нь манайд ороод ирлээ. Бид интернэт орчинд ямар ч мэдээллийг нээлттэй үзэж, хоорондоо харилцаж байна. Блокчэйн гэхээр түүний нууцлалыг нь хэдэн мянга дахин нэмчхэж байгаа юм. Нууцлал нь өндөр, алдааг эргээд засах боломж байхгүй. Яагаад гэвэл нэг үсгийг бичихийн тулд 270 гаруй янз бүрийн код орчхож байгаа байхгүй юу. Тэгэхээр мөнгө төгрөг шилжүүлэх, санхүүгийн аливаа асуудал улам аюулгүй болчихно. Тийм учраас финтек буюу Finance-Technology гэж үг чинь мөнгө, хөрөнгө дамжуулах салбарт хувьсгал хийж байгаа юм. Түүнийг бид одоогоор бүрэн ашиглахгүй байгаа. Тэгэхдээ цаг нь дорхноо ирнэ. Энэ бол блокчэйн ашиглаж байгаа ганцхан л урсгал. Дотор нь зөндөө олон юм байна. Жишээлбэл бид сонгуулиа утсаараа өгөх, бидний гар утсаараа хийж байгаа үйлдэл улам аюулгүй болох учраас олон шинэ үйлчилгээ, бүтээгдэхүүн нэвтэрч орох юм. Ер нь бүх төрлийн төлбөр тооцоог гар утсаараа хийнэ. Банк руу явах шаардлагагүй болно гэсэн үг. Олон улсын төлбөр тооцооны асуудал дээр ямар нэг залилан гарах боломжгүй болно.

Б.Гэрэлмаа: АНУ, БНСУ, Японоос мэргэжлийн хөрөнгө оруулагчид ирлээ

Арга хэмжээг зохион байгуулагчдын нэг “Steppe Group”-ийн ерөнхийлөгч Б.Гэрэлмаа.

-Та бүхэн финтекийн ирээдүйн талаар хэрхэн ойлголцож байна вэ?
-Хөгжиж байгаа зах зээл дээр финтек буюу санхүүгийн технологийн зах зээлийг нэвтрүүлэхэд далайц, эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөө нь өндөр байдаг. Монголд энэ чиглэлийн компаниуд, хувийн хэвшлийнхэн багаа бүрдүүлээд, эрсдэлээ үүрээд гадаад орчноос хөрөнгө босгоод ороод ирчихсэн байгаа. Нөгөө талд зохицуулагч байгууллагууд асуудалд анхаарлаа хандуулж байна. Одоо ингээд бүгдээрээ, улсаараа үсрээд дараагийн хөгжлийн шатанд хүрэх боломж гарч ирлээ. Тэгэхээр яг энэ үед гар гараа барилцаад, хэл амаа ололцоод, хамтдаа урагш алхаад үзье. Энд шийдвэр гаргах түвшний зохицуулагчид, хувийн хэвшлийнхэн, гадаадын хөрөнгө оруулагчид ирсэн байна. Тэгээд гурван талаасаа тойрч суугаад, цаашид Монгол Улсаа хөгжүүлэхийн тулд финтекийн талаар ямар бодлого, хууль дүрэмтэй байх тухай, хувийн хэвшлийнхэн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэдэг талаар саналаа солилцож байна.
-Манайхан финтекийг хэрэглээд эхэлчихсэн байна. Яг юун дээр, яаж хэрэглэж байна вэ?
-Манайх хөрөнгийн зах зээлд хамгийн анхны блокчэйн технологи, хиймэл оюун ухаан, deep learning буюу machine learning гэсэн дөрвөн төрлийн технологийг ашиглаад хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг дижитал хэлбэрээр гаргасан. Тэгэхээр дэлхийн аль ч өнцөг буланд байгаа хүн, монгол буюу бусад хөгжиж байгаа зах зээл дээр байгаа хөрөнгө, түүгээр баталгаажсан үнэт цаасыг хил хязгаар харгалзахгүйгээр, онлайнаар худалдаж аваад ажиллуулах, ашиг олох боломжтой болж байгаа юм. Хөрөнгө гэдэг нь үл хөдлөх хөрөнгө, компанийн хувьцаа, түүхий эд аль нь ч байж болно.
-Уулзалтад гадны төлөөлөгч, сонирхогчид их ирсэн байна. Тэд эхнээсээ манайд хөрөнгө оруулаад эхэлчихсэн гэж ойлгож болох уу?
-Тийм. Жишээ нь бид том хэмжээний хөрөнгө оруулалтуудыг АНУ, БНСУ-ын зах зээлээс, мэргэжлийн хөрөнгө оруулагч нараас авсан байгаа. Бидэнд монголоос хөрөнгө оруулсан хүмүүс ч бий. Манай компани Нью-Йорк, Сөүл, Улаанбаатарт оффистой.
ЛэндМН ч гэсэн гаднаас хөрөнгөө босгож байгаа болов уу гэж бодож байна. Өнөөдөр АНУ, БНСУ, Японоос мэргэжлийн хөрөнгө оруулагч нар ирчихсэн байна. Өөрсдөө билетээ худалдаж аваад ирсэн хүмүүс ч бий. Энэ нь дэлхийн хөрөнгө оруулагчид финтекийн зах зээл дээр Монгол Улсыг сонирхож байгаагийн тод илрэл юм.
ГХЯ гаднаас хөрөнгө оруулалт босгох асуудал, эдийн засгийн хамтын ажиллагааг байнга дэмждэг. Тэд мөнгөний урсгалыг Монгол Улс руу оруулж ирэх, эдийн засгийг солонгоруулах тал дээр сайн ажиллаж байгаа учраас гадны хөрөнгө оруулагчид, олон улсын компани, ассоциацууд ирлээ. Дэлхий даяарчлагдаж, дижитал эдийн засаг улс орнуудыг нэгтгэж, тус тусдаа үйл ажиллагаа явуулах биш, хамтран ажиллахыг эрхэмлэх болсон. Өдөр тутам мөнгөн урсгал, эдийн засгийн солилцоо хийж байна.

Д.Болдбаатар: Финтекийн хэрэглэгчид өсч байна

-Монголын санхүүгийн технологийн холбооны гүйцэтгэх захирал, “Steppe Grоup”-ийн гүйцэтгэх захирал Д.Болдбаатар.

-Арга хэмжээний ач холбогдол юу вэ?
-Технологи, зохицуулалтаасаа байнга түрүүлж явдаг. Монголын залуучууд дэлхийн хөгжлөөс хоцрохгүйг хичээж байна. Финтекийн чиглэлээр монголд олон гарааны компани гарч ирлээ. “ЛэндМН”, “Ард даатгал”, “Гэрэгэ систем” гээд нэрлэж болно. Манайх ч финтекийн салбарт харьяалагдах компани. Бид үйл ажиллагаагаа явуулахад одоо байгаа хууль эрх зүйн орчинд зохицохгүй асуудлууд гарч ирдэг. Тэгээд зохицуулагч байгууллагуудын төлөөлөл, төр засагтайгаа хэл амаа ололцох зайлшгүй шаардлага гардаг. Бид өнөөдөр тэр асуудлаар санал бодлоо солилцож байна.
-Манайд технологийн дэвшил финтек ороод ирчхэж. Түүнийг илүү өргөн хүрээнд хэрэглэхэд хуулийн зохицуулалт шаардлагатай байгаа гэсэн үг үү?
-Тийм. Бид зөвхөн монголын зах зээл дээр үйл ажиллагаа явуулах биш гадагш гарч, дэлхийн зах зээл рүү ормоор байна. Шинэ технологиуд, тухайлбал блокчэйн, биг датаг бизнес модел болгоод хүнд хэрэгтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахад одоо байгаа системтэй зарим талаар тохирохгүй байгаа юм. Бид бизнес хийнэ гэдэг чинь хөрөнгө оруулагчдын өмнө эрсдэлээ хүлээнэ, эрсдэлийг багасгахын тулд тоглоомын дүрэм тодорхой байх ёстой. Тоглоомын дүрмийг гаргадаг улс бол төр засгийнхан. Тийм учраас бид төр засгийнхантайгаа нягт хамтран ажиллах ёстой. Энэ бол зөвхөн бидний асуудал биш, монголын асуудал. Бид хөрөнгийн зах зээлийг гадаадын шууд хөрөнгө оруулалтын шинэ суваг гэж харж байгаа. Бид эдийн засгаа солонгоруулъя гэж ярьдаг. Тэр солонгын нэг өнгө нь хөрөнгийн зах зээл гэж ойлгож болно.
ЛэндМН 280 орчим мянган байнгын хэрэглэгчидтэй гэж байна. Энэ хүмүүс бол финтекийн жирийн хэрэглэгчид. Хүмүүс барьцаа тавилгүй зээл авч, гар утсаараа кофеныхоо төлбөрийг хямдралтай төлж байгаа. Тэд хоорондоо ямар ч шимтгэлгүй гүйлгээ хийж, гар утаснаасаа төлбөр тооцоогоо хийж байна. Энэ чинь л финтек шүү дээ.

Г.ПҮРЭВСҮРЭН

Холбоотой мэдээ

Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбооны Тэргүүн Л.Дэлгэрбаяр: Бичил уурхай бол орон нутгийн иргэд байгалийн баялгаасаа хүртэж буй хамгийн бодит хэлбэр юм

Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбооны Тэргүүн Л.Дэлгэрбаяртай бичил уурхайн салбарын талаар

2019-08-22

Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот дахь Консулын газрын дэд консул Б. Баттүшиг жолооч С.Эрдэнэба

2019-06-11

В.Энхбаатар: Бүс нутгийн болон дэлхийн сахнхүүгийн зах зээлүүдийн интеграцид гүнзгий орох нь бидний зорилго юм

Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны Гадаад харилцаа, хамтын ажиллааааны газрын дарга В.ЭНХБААТАРТАЙ

2019-05-31