Монголчуудын нум сум урлах ухаанаас орчин үеийн онгоц, пуужин үүссэн

2019-05-15 709 0
Баянгол дүүрэгт байрлах “Эрийн гурван наадам” компанийн нум сумны үйлдвэрийг үзэхээр зорин очив. Нум сумны үйлдвэр гэхээр сонин содон, тэгээд ч хүн бүр хийчих боломжгүй үйл, урлал учраас хүмүүс зэрэгцэж суугаад мод зүлгэж, нааж, будаж байгаагаар төсөөлсөөр очтол үйлдвэрийн ерөнхий менежер Б.Баясгалан орон сууц руу дагуулан орлоо. Хаалга нээгдэнгүүт жирийн л айлд орчих шиг, цааш хэд алхвал урлан, музейд ирсэн мэт орчин угтан авлаа. Үйлдвэр гэхээсээ илүү чамин нандин цуглуулгатай айл шиг л сэтгэгдэл төрж байв. Гэрийн эзэгтэй нь цэвэрч нямбай хүн бололтой, бүх зүйл эмх цэгцтэй, хийж буй нум сумнууд сав, тавиуртай юм.
Т.Батмөнх: Үндэсний сур харваачдаас хамгийн том шагнал авсан хүн бол Улсын мэргэн Б.Дашзэвэг
Ингээд Монгол Улсын Хүндэт мэргэн, спортын мастер, нум урлаач, судлаач, “Эрийн гурван наадам” компанийн захирал Төмөрхүүгийн Батмөнх гуайтай хэсэг хөөрөлдөв.
Т.Батмөнх гуай Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул. Архангай аймгийн багшийн сургуулийг 1966 онд төгсч, 1966-1971 он хүртэл Говь-Алтай аймгийн нэгдүгээр 10 жилийн сургуульд бага ангийн багшаар ажилласан. 1975 онд дааж авсан дөрөвдүгээр ангийн сурагчид нь монгол хэлний улсын олимпиадад хоёрдугаар байр эзэлсэн учраас урилгаар Багшийн дээд сургуульд элсэж, 1975 онд УБИС-ийн газарзүй, түүхийн ангийг төгсөөд, сургуульдаа багшаар үлдсэн. 1995 он хүртэл багшлаад тэтгэвэртээ сууж, 1996 оноос “Эрийн гурван наадам” компанийг байгуулжээ.
Т.Батмөнх гуай Үндэсний сурын холбоонд тэргүүлэгч гишүүн, дэд тэргүүнээр олон жил ажилласан. Одоо дасгалжуулагч, зөвлөх хийдэг.
Та хэзээнээс сурын спортоор хичээллэв. Нум сум урлах ажлаа хэзээ эхэлсэн бэ?
-Би Архангайн багшийн сургуульд оюутан байх үеэсээ нум сум харваж эхэлсэн. 1971 онд УБИС-д ирээд 1975 он хүртэл нэлээн идэвхтэй сурын талбайд очдог, тэнд хөгшчүүлээр заалгаж харвадаг, тэмцээн уралдаанд оролцдог байлаа. Сургуулиа төгсөөд багшилж байх үедээ зургаа, долдугаар сард хээрийн дадлагад гардаг учраас сур луу анхаарах, баяр наадмын үеэр байх боломж муутай болсон. 1973 оноос эхлээд багш нараа дагаж нум сум хийж сурсан. Тэр үед жилдээ 20, 30 ширхгийг урлахад л хангалттай, нум авдаг хүн нь ч ховор байлаа. Нэг сонин юм ярихад тэр үеийн харваачид их гэр бүлсэг, өөрсдөө, хүүхдүүд нь харвана. Нумаа ер дамжуулахгүй. Тэгээд залуус бид “Харамчууд нумаа өгдөггүй” гэж ярина аа. Тэгсэн чинь одоо бодоод байхад нуманд их учир байж. Хийдэг хүн нь цөөхөн, нум нь ховор учраас хайрлаад гадагш гаргах дургүй, нумыг нь хугалчих юм бол тэр айл харвах юмгүй болох байсныг бүр хожим ойлгосон.
Би Улсын мэргэн н.Ядамсүрэн багштайгаа нум сум хийж байгаад, 1992 онд “Монгол сур пүүс” гэж байгуулаад, түүнийгээ үргэлжлүүлж “Эрийн гурван наадам” компани болгоод одоог хүртэл нум сум хийж явна. 1996 онд компани болж, ажлын байртай, туслах ажилчидтай, жилд 50, 60 нум гаргах болсон. Тэр үед н.Дашцэрэн, Ядамсүрэн, Цэвээн гэсэн гурван хүн л гол төлөв нум хийдэг байлаа. Сүүлд нь би нум сум хийхийг сонирхсон 30 орчим залууст зааж сургасан. Одоо тэр хүмүүсээс олон нийтэд танигдаад нум сум хийж байгаа арваад залуу байна.
1970, 1980-аад оны үед баяр наадмаар улсын хэмжээнд хүүхдүүдийг оролцуулаад 70-100 хүн харвахад олон хүн харвалаа гэж ярьдаг байсан. Одоо улсын баяр наадмаар нэг удаад 700-800 хүн буриад сур, урианхай сур, үндсэний сур, хүүхэд гэсэн төрлөөр тэмцээн уралдаанд орж, сурын спорт их өргөжиж байна. 2002 онд “Үндэсний сурын харвааг хөгжүүлэх” өв соёлоо дээдлэх талаар ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Тухайн үед бид энэ ажлыг их хөөцөлдсөн л дөө. Зарлиг гарсны дараа манай Үндэсний сурын холбооныхон бүх аймгаар явж нум сум, ерөнхийлөгчийн зарлигийг гардуулсан. Би Завхан, Говь-Алтай аймагт сумдынх нь тоогоор нум сум гардуулж, сургалт, тэмцээн уралдаан явуулж байлаа. Энэ үеэс эхлээд аймгуудаа эрийн гурван наадамтай болгоё гэдэг зорилт тавьсан, биелсэн. Одоо сумдын 60-70 хувь нь наадмаа хийж байна. Бид 300 гаруй сумыг эрийн гурван наадамтай болгох, нум сумаар хангах зорилго тавьж ажиллаж байна. Сүүлийн арваад жилд бид гаднаас материал аваад сургалтын нум, бүх нийтийн сонирхогчдын нум хийж эхэлсэн. Тэр нь дөрвөн улирлын туршид харвадаг учраас сурын спортод орж ирж байгаа, сонирхож байгаа хүний тоо, эрс нэмэгдэж байна.
-Танай нум сумыг хүмүүс их сонирхоно биз?
-Нэг үеэ бодвол сурын спорт хөгжиж байна. Тэр хэрээр нум сумны эрэлт өсч байгаа. Гадаадынхан ч манай сурын спорт, нум сумыг их сонирхдог. Би “Эрийн гурван наадам” компаниа байгуулснаасаа хойш Буриадад нэлээн их нум нийлүүлсэн. 2006 онд үйлдвэрлэсэн бүх нум буюу 300 ширхгийг Буриад улс авсан. Тэр жил Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой тохиож, Монгол туургатнууд, дэлхий даяараа тэр ойд анхаарч, Өвөр Монгол, Буриадад ч үндэсний гэсэн бүхнээ сэргээж, улсаас нь төсөв мөнгө ч гайгүй өгсөн юм билээ. Тэгээд тэр жил, 800 жилийн ойгоор ОХУ-ын Буриад улс надад Буриад улсын биеийн тамир, соёлын гавьяат цолоо өгсөн.
Өвөр Монголчуудтай хамтран ажиллаж байв уу?
-Энэ асуултад хариулахын тулд би нэг сонин тохиолдлын тухай ярья. 1959 онд “Үндэсний сурын холбоо” байгуулагдаад 1960-аад оноос сурын спорт хөгжөөд ирсэн чинь нум сум нь ховордоод, хийдэг хүн ч үгүй болсон байж. Тэгээд Хятадын коммунист намын даргыг ирэхэд Ю.Цэдэнбал гуай “Бид сурын спортоо хөгжүүлэх гэж байна. Та бүхэн туслах арга байна уу” гэж асууж л дээ. Тэгсэн нөгөө хүн нь “Өө тэгэлгүй яах вэ” гэсэн шиг байгаа юм. Тэгээд нутагтаа очсон чинь нум сум, хийдэг хүн ч бараг байдаггүй. Тэгэхээр нь манайх руу яриад “Эрэгтэй, эмэгтэй хоёр нум авчирч өгөөч” гээд, Сэлэнгийн Адилбиш гэж улсад дөрөв түрүүлсэн дархан мэргэн хүн хоёр нум авч очсон байгаа юм. Тэгсэн “Таны нумыг бид харъя, тэгээд явахад чинь дөрвөн нум болгож өгнө” гээд нумыг нь голоор нь зүсчихэж. Тэгэхээр нумын бүтэц, эвэр, мод, шөрмөсний зузаан, юу юу оруулсан нь бүгд гараад ирнэ шүү дээ. Түүнийг харж байгаад Өвөр Монголчууд манайд 1500 нум, сумтай нь хийж өгсөн. Тэр нум сумыг улс даяар тарааж, бид сурын спортоо хөгжүүлж байлаа.
Тэгсэн чинь 2005, 2006 онд Өвөр Монголчууд үндэсний сурын спортыг хөгжүүлэх гэж пижигнээд, нум хийдэг хүнгүй учраас манайд хандсан. Тэгээд н.Цэвээн гуай бид хоёр Өвөр Монгол явж нум хийхийг зааж сургасан. Одоо тэд манайхаас олон нумтай, харваачтай болчихсон байна. Өвөр Монголд Үндэсний сур харвааг төрөөс нь тусгайлан анхаардаг, уралдаан тэмцээний бай шагнал нь өндөр. Овоо тахилгаас эхлээд айлын найран дээр ч сур харваж байдаг. Ингээд Буриад, Өвөр Монгол хоёртоо нум сум урлахыг зааж, хөгжүүлэхэд нь тусалсан.
Та нум урлахын хажуугаар сурын спортдоо хэр амжилт гаргасан бэ?
-Би нум эвшээлгэж, сум тавиад 50 гаруй жил боллоо. Олон уралдаан тэмцээнд орлоо. Солонгост болсон олон улсын уралдаанд монголчууд анх удаа оролцоход би гуравдугаар байрт орж, Олон улсын мастер цолны болзол хангасан. Сурын спортын мастер, хүндэт мэргэн цолтой.
Үндэсний сураараа харвасан юм уу?
-Олон улсын тамирчид өөр өөрсдийн нумаар олон байнд харвасан. 10 гаруй улсын байнаас амьтан харвадаг Унгарын бай, манай 75 метрт харвах бай, Япон, Солонгосын байг сонгоод бүгд харвасан. Тэр уламжлалт харвааны уралдаан жил бүр Солонгост явагддаг. Манайх 2020 онд тэр олон улсын тэмцээнийг нутагтаа авах бэлтгэл хийж байгаа.
2008 онд Говь-Алтай аймагт 1000 хүний харваа зохион байгууллаа. Одоо хүүхдийн баяраар Хүй долоон худагт 1000 хүүхдийн харваа явуулах бэлтгэл хийж байна.
Говь-Алтай аймаг маань 30 гаруй жил улсын мэргэнгүй явсан юм. Тэгж байгаад Баян-Уул сумаас хоёр мэргэн төрсөн. Дараа нь би хүндэт мэргэн аваад гурвуулаа болсон. 2018 онд миний шавь Б.Дашзэвэг Улсын мэргэн боллоо. 2017 онд “Засагт хаан” клубыг байгуулж, “Говь-Алтай аймгаас мэргэн төрвөл нэг өрөө байраар шагнана” гэж зарласан. Дараа нь хоёр өрөө байр өгнө гэж нэмээд, улсад түрүүлсэн мэргэндээ тэр шагналыг өгсөн. Сурчдаас хамгийн өндөр шагнал авсан анхны хүн Говь-Алтай аймгийн мэргэн Б.Дашзэвэг боллоо. Өмнө нь сурын түүхэнд хамгийн том шагнал буюу Баян-Өлгий аймгийн ойн наадамд түрүүлээд мотоцикль авсан хүн бол Ц.Хүдэрчулуун мэргэн. Манай Баян-Өлгий аймгийнхан сурын спортыг сайн хөгжүүлсэн, харваач улс шүү дээ. Бас Эрдэнэт үйлдвэр, олон жил түрүүлсэн Ш.Даваахүү мэргэнд “жаран ес” өгч байсан.
Танай хүүхдүүд таны ур, харвах эрдмийг уламжилж байгаа юу?
-Хүүхдүүд маань бүгд нум сум урлаж байна. Бүх ач, зээ харваж байна. Зээ Билэгт маань улсын наадмаас хоёр удаа хүрэл медаль авлаа.
-Нум эвшээлгэж, сум тавихаар авах таашаал нь юу вэ?
-Харваач хүн сум тавихдаа ганцхан сураа л бодно. Цаг агаар, салхины чиг, сум тавих хүчээ тооцоолно. Миний нум өдийд зөөлрөх үү, хатуурах уу, хүний сум тусахад тоос аль зүгт хийсэв гээд бүгдийг бодож, харж анхаарлаа төвлөрүүлнэ. Ер нь сэтгэл санааг тогтворжуулж, оюун ухаан биеийг сэргээдэг, маш сайхан спорт шүү дээ.
Одоо 1960-аад онд нум эвшээлгэсэн хүмүүсээс амьд сэрүүн хүн бараг алга. Миний үеэс гурав, дөрвөн хүн л сур дээр зогсож байгаа юм. Эвэр нумаа эвшээлгээд сум тавьж байгаа хүн гэвэл н.Рэнцэнхэнд, Жалбаа, Санжаасүрэн гэж гурван хөгшин байна. Сурын спорт бол хатуу, дэг жаягтай спорт. “Хөөрхий та 70 хол гарчихлаа, 65 метрээс, сургалтын нумаар харва” гэхгүй шүү дээ.
Ч.Батням: Би гайхамшигт өв соёлоороо, хөгшнөөрөө үнэхээр их бахархсан
Биднийг ярилцаж байх үед гэргий Ч.Батням нь ажилласаар л байв. Ажвал сумнуудыг цэгцэлж, бай өрж, сумны үзүүрт байдаг зэвийг цэгцэлж, шөрмөс цувьж харагдсан.
Ингээд гэргийгээс нь хийж буй ажлынх нь талаар тодрууллаа.
-Та нөхрийнхөө ажлыг дэмжиж, хамтарч ажилладаг юм байна. Нум сум урлах хэцүү юү?
-Бид хоёр нэг аймаг, сум, голын улсууд. Ханилж суугаад 50 жил болж байна. Хоёулаа багш мэргэжилтэй. Манайх дөрвөн хүүхэдтэй. Хөгшин оюутан, багшийн дээдийн багш байхаасаа нум сумыг хөгжүүлэх, тасрах шахсан соёлын өвийг авч үлдэх, үр хойчдоо зааж өвлүүлэхийн төлөө өөрийн амьдралаа зориулсан хүн. Монголын энэ сайхан өвийг сэргээх, дэлхийд таниулах, нийтийн биеийн тамирын хэмжээнд хүргэхэд маш их үүрэг гүйцэтгэсэн.
Нум сумыг Монголд н.Ядамсүрэн, Чойжилсүрэн мэргэн гэж хоёрхон хүн л хийдэг байсан үед Ядамсүрэн гуайд шавь ороход багш нь “Чи бол гарын эв дүйтэй, сур харвааг их сонирхдог, их сургуулийн багш болохоор сургалтын баазтай. Чи эхлээд нум засч сур” гээд засахыг зааж өгөөд, дараа нь хийж сур гэсэн. Манай хөгшний талд гарын уртай хүмүүс бий. Нагац ах нь төрийн соёрхолт уран Сандаг гэж хүн байсан. Тэр хүн шар сүүний ээдэмцрийг боловсруулаад хуванцар гаргаж авч байсан. Тэр нь бас нөлөөлдөг юм шиг байгаа юм.
Нум сум урлах амаргүй, босон суун зогсоо чөлөөгүй ажиллана.
Та ямар үүрэгтэй оролцдог вэ?
-Ид багшаар ажиллаж байх үедээ би харвадаггүй байсан. Хоёулаа харваад явчихаар ар гэр, үр хүүхдийн асуудал хаягдана. Хүүхдүүд маань багадаа бүгд харвадаг байсан. Аавыгаа дагаж яваад сумыг нь зөөгөөд л гүйнэ. Сүүлдээ сургууль соёл, өөр өөрсдийн ажил гээд завгүй болцгоосон. Би тэтгэвэртээ суугаад нум сумны наах, будах, шөрмөс задлах, цувих ийм л нарийн ажлуудыг нь хийж байна. Нум сумны бүх зүйлийг гараар хийнэ, чимхлүүр ажил ихтэй. Би тусална, чимхлүүр ажлуудыг хийнэ, чанарыг нь шалгана, хоол цайгаа хийнэ. Их үүрэгтэй хүн дээ. (Инээв)
-Гэр бүлээрээ үйлдвэрлэл явуулдаг юм байна. Гэртээ бүх ажлаа хийчихдэг юм уу?
-Хөрөөдөх, таслах хүнд хүчир ажлуудыг дор цехдээ хийдэг. Бусад ажлаа гэртээ хийнэ. Хүүхдүүд минь тусдаа гарчихсан болохоор өвгөн бид хоёр энэ байрныхаа хоёр өрөөнд нь ажлаа хийж байна. Байр түрээслэе гэвэл мөнгө их гарна шүү дээ.
Манайх Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөний есөн сумтай алтан ялтсаар бүрсэн нум, улсын тахилгатай 11 хайрхны тахилгын сумыг хийдэг. Мөн 12 жилийн сийлбэртэй нум захиалгаар гаргаж байна. Төрийн томоохон зочдод өгдөг бэлэг дурсгалын нумыг манайхаас авдаг.
Хөгшин маань 30 гаруй хүнд нум сум хийхийг заасан. Дэлхийн 50 гаруй оронд нум сумаа сурталчилсан. Солонгост үзэсгэлэн гаргаж, лекц уншихад нь тэд 5, 6 нум сумыг музейдээ худалдаж авч байгаа юм. 2016 онд Унгар улсад болсон том үзэсгэлэн яармагийн үеэр нум сум маань шилдэг бүтээгдэхүүнээр шалгарсан. Тэд Монголд ирж үзээд энэ үнэхээр гайхамшигтай, монголын төдийгүй дэлхийн өв юм байна гээд бидэнд урилга өгч тэр үзэсгэлэнд оролцож байлаа. Үзэсгэлэнд дэлхийн 6000 гар урчууд очсон. Гадныхан Монголын нум сумыг үнэхээр сонирхдог юм байна. Би тэр үед өв соёлоороо, хөгшнөөрөө үнэхээр их бахархсан.
Бид ийнхүү ярилцах зуурт хүүхдүүд нь орж гаран ажлаа хийсээр л байв. Ажихад тус тусдаа өөр зүйлс хийгээд байх шиг санагдсан учраас лавлаж учрыг нь олов. Нум сумыг хийхийн тулд эхлээд эсгүүр гаргадаг. Эсгүүрээс эхлээд шөрмөс тавьж хөвчлөх хүртэл 6-7 сар явна. Бэлэн болсон нумыг арчилж жил болгоод харвахад бүрэн хатсан байх ёстой. Ингээд мэргэд, харваачдын гар дээр очих бөгөөд авсан эзэд нь ахиад бүтэн жил арчилж, хэвшүүлж байж удаан эдэлдэг. Нумыг дамжуулж хэрэглэдэггүй. Мөн хүйтэн, сэрүүн өдөр хамаагүй хөвчилж татвал нум гэмтэнэ. Тамирчин хүн бие халаалтгүй эхэлбэл шөрмөс нь тасардагтай яг ижил юм байна. Нум урлах ухаан, шөрмөсийг олон давхарлаж наагаад уян хатан болгодог нь дэлхийд гайхуулах бидний өв, нарийн ухаан аж. Манай нум хийх аргыг хараад онгоцны их биеийг бүтээсэн тухай Т.Батмөнх гуай “Онгоцны их бие бат бөх бөгөөд хөнгөн байх ёстой. Тэгээд монголчуудын шөрмөсийг олон давхарлан нум хийдэг аргаас санаа авч хайлшуудаа олон давхарлаж цутгасан гэж хийсэн инженер нь ярьсан байдаг. Бас манай нум сумны ард байдаг өднөөс санаа авч пуужинг хийсэн. Монголчуудын сумны нисэлт, нумны уян хатан хүчтэй чанар тэгж л олон орны анхаарлыг татаж байна шүү дээ” гэсэн. Мөн нумаа арчлах талаар “Өлгөж амраасан нумыг хоёр, гурав хоног угаалгын өрөөндөө байлгаж бантуулна. Эсвэл аагтай хар цайны ууранд 20-30 минут барьж, гал дээр бүлээсгэн хөвчлөөд таван цаг байлгана. Монгол нумны хамгийн гайхамшигтай зүйл нь ард нь байх цавуутай шөрмөс байгаа юм. Тэр агшиж сунаж, уян хатан чанараараа сумаа хол явуулдаг. Харвахаасаа өмнө нумаа хэдэнтээ эвшээлгэнэ. Тэгэхдээ өөрийн байнга татдаг хэмжээнд л эвшээлгэх ёстой. Чингисийн ач хүү Есүхэй мэргэн 500 метр газарт бай оноход нь Чингис хаан ихэд баясан гэрэлт хөшөө босго гэсэн байгаа юм. Түүнийг анхны чулуун дээр бичсэн ном гэдэг. Одоо оросын Эрмитажид байгаа. Тэр хөшөө монголчуудын нумын чадал, харваачдын хүч, мэргэнийг харуулсан түүх шүү” хэмээн бахархав. Мөн Баянхонгор аймаг, Ламын гэгээнийхээ ойгоор Улсын мэргэн Ядамсүрэн гуайн хөшөөг босгох гэнэ. Т.Батмөнх гуай “Надад ур ухаанаа заасан багшийн минь, харваач хүний анхны хөшөө босох нь” гээд их л баяртай ярьж сууна.
Т.Батмөнх гуайн нумны цуглуулга үнэхээр гайхалтай санагдав. Тэнд 400 жилийн өмнөх явган цэргийн хар нум, “Мандухай цэцэн хатан” кинонд зориулж багштайгаа хийсэн нум, буриад нум, Хятад улсын хийж өгсөн 1500 нумны нэг, унгар нум, эврээр хийсэн нум, урианхай нарын модон хавчаахай, японы модон хавчаахай, солонгосын орчин үеийн нум, английн цул модон нум, америкийн индиануудын нум, монголд анх ирсэн байтын хавчаахай нум, газар газрын сум гээд ховор нандин, хараа булаах бүтээлүүд өлгөөтэй байна.
Би нум сум урлаж буй энэ гэр бүлийн ажил бүтээлийг харж, яриаг нь сонсон суухдаа дэлхийд хосгүй ур ухааныг эзэмшээд түгээн дэлгэрүүлж, хүүхдүүд, хойч үедээ үлдээж буй Т.Батмөнх гуайгаар бахархан суулаа. Энэ хүмүүс, эгэл жирийн монголчуудын ухаан, урыг мөнгөөр үнэлэх аргагүй юм. Гэхдээ л урамшуулал шагнал өгмөөр, улс бас нэг саначихмаар хүмүүсийн нэг нь Улсын мэргэн, уран гартан Т.Батмөнх гуай юм даа гэж бодсон шүү.
Г.Пүрэвсүрэн

Холбоотой мэдээ

Явуулын эмнэлэг Чингэлтэй дүүрэгт үзлэг, шинжилгээ хийлээ

Дэлхийн Ротаричуудын дунд алдартай 2005 оноос эхлэн 12 жилийн хугацаанд хэрэгжсэн Test for life төсө

2020-08-30

З.Болормаа: Хайр гэж тэгвэл яг юу юм бэ нэг их хийсвэр ойлголт л яваад байдаг

МОНГОЛЧУУД 50 НАС ГАРААД Л ДАВСАГНААСАА ХАМААРАЛТАЙ АМЬДАРДАГ Монголчуудын тэр бүр яриад байдаггү

2020-08-25

Сайжруулсан түлш нөөцлөх агуулахын байр, түлш нөөцлөлтийг шалгав

Нийслэлийн Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох ажлын хүрээнд Нийслэлийн Агаар, орчны

2020-06-26