Ц.БАЙГАЛМАА: НИЙСЛЭЛЭЭС ГАРСАН ШИЙДВЭР ИРГЭДИЙН АМЬДРАЛД ШУУД НӨЛӨӨЛДӨГ УЧИР МАШ ХАРИУЦЛАГАТАЙ ХАНДАХ ХЭРЭГТЭЙ

2020-03-16 10 0

НИТХ-ын mөлөөлөгч, Инженерийн шинжлэх ухааны доктор Ц.Байгалмаатай ярилцлаа. Тэрээр Япон улсад Токиогийн Био-Технологийн Их сургуулийг электроник мэдээлэл зүйн инженерээр төгсөж, улмаар Био-хэрэглээ систем инженерийн сургуульд магистр, докторын зэрэг хамгаалсан анагаахын инженерчлэлийн эрдэмтэн юм. Тэрбээр докторын зэрэг горилохдоо Японы Үндэсний Хавдар Судлалын Төвтэй хамтарсан хорт хавдар ба хэвлийн хөндийн эмгэгийн судлалын төсөл дээр ажиллан, эмнэлгийн дүрс оношилгооны систем хөгжүүлэлтээр 2002 онд инженерийн ШУ-ны докторын /PhD/ зэргээ амжилттай хамгаалжээ. Улмаар 2002-2007 онд Японы Шизуокагийн их сургууль, Хамамацугийн Анагаахын Их сургууль, Хамамацу хотын хувьцаат компаниудын нэгдлийн хамтарсан төсөлд зохицуулагч, судлаач эрдэмтэн, төслийн удирдагчаар ажиллажээ. Хамамацуг инновацийн хот болгон хөгжүүлэх суурь судалгааны төслийн дэд хэсгийн удирдагчаар ажиллах явцдаа, хэдэн арван эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлэн, өөрийн судалгааны ажилтай холбогдох долоон оюуны өмчийн олон улсын патентийг зохиожээ.


-Ярилцлагаа таны хүүхэд наснаас эхэлье. Таныг Улсын физикийн олимпиадад хоёр ч удаа түрүүлж байсан гэдэг?

-Би Маахуур толгойд шинээр баригдсан 69 дүгээр дунд сургуульд нэгдүгээр ангид элсэн орж байлаа. Намайг тавдугаар ангид байхад манай сургуульд математикийн нэг мундаг багш ирсэн. Тэр багшийнхаа нөлөөгөөр математикт дурлаж долдугаар ангидаа математикийн олимпиадад оролцож, хотод байр эзэлж байв. Ингээд л I сургуулийн тооны ангид шалгалт өгч тэнцэж орсон. Бид эцэг эхээс долуулаа. Би айлын тав дахь хүүхэд болохоор эрт биеэ даасан. Хичээл номондоо ч түүртдэггүй байлаа.Ер нь манай гэр бүлийнхэн яагаад ч юм инженер, физик, тооны шинжлэх ухаан талдаа сонирхолтой хүмүүс байдаг.Тэгээд ч бүгдээрээ инженерийн чиглэлээр гадаадын улс оронд суралцаж мэргэжил эзэмшсэн. Би есдүгээр ангидаа МУИС-ийн дэргэдэх гүнзгийрүүлсэн сургалттай анги анх нээгдэхэд элсэн орсон.Жил бүр олимпиадад ордог байсан.

-МУИС-ийн нэгдүгээр дамжааны оюутан байхдаа та Японд суралцахаар явж байсан. Өөрөөр хэлбэл, Японд суралцсан анхны эмэгтэй оюутан. Бэрхшээл сорилттой бишгүй тулгарч байсан байх даа?

-Боловсролын яамнаас анх Японы инженерийн коллеж буюу Коосэн гэж нэрлэдэг сургуульд Монголоос хүүхэд сонгон шалгаруулах шалгалт авахаар болсон юм. Энэ сонгон шалгаруулалтад тэнцсэн хоёр хүүхдийн нэг нь би. Ингээд 18 насандаа Японыг зорьж байлаа. Анх Японы элчин сайдын яаманд ярилцлаганд ороход тухайн үедЭлчингийн хариуцсан ажилтан Шимицү сайд асан надаас “Өөр системтэй улсад эмэгтэй хүүхэд инженерийн чиглэлээр сурч чадах уу, дээр нь хэл ус муу, бэлтгэгдээгүй” гэж асуухад нь “Би чадна аа” л гэж хэлсэн. Тэгээд Японд очиход япон хэлний ангийн оюутнуудаасаа хоёр долоо хоногийн хичээл хоцорчихсон, сургуулийн багш нар маань миний өмнөөс их санаа зовж байсан л даа. Гэвч би япон хэлний бэлтгэлээ тэнд сурч байсан бүх гадаад оюутнуудаас хамгийн өндөр оноотой төгсч чадсан юм.

-Та Коосэн Агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байсан. Манай улсад Коосэний боловсролын систем нэвтэрч, өдгөө гурван сургууль энэ системээр сургалтаа явуулж байгаа. Энэ боловсролын системийн онцлогийн талаар ярихгүй юу?

-Анх 2014 онд Дээд боловсролын тухай хуулинд “Япон загварын КООСЭН технологийн коллеж нь дээд боловсролын нэг хэсэг юм” гэдэг хуулийн заалт орсон. Энэ зохицуулалтыг үндэслэн загвар сургуулиуд байгуулагдсан. Өдгөө ШУТИС-ийн харьяа Технологийн Дээд Сургууль, Техник Технологийн Дээд Сургуулийн Монгол Коосэн Сургууль, “Шинэ Монгол Эрдмийн хүрээлэн”-гийн Технологийн Коллежууд Коосэний боловсролын системийг нэвтрүүлсэн. Аль болох Японы Коосэн сургуультай адилхан арга барилаар сургалтаа явуулахаар зорьж ажиллаж байгаа.

Коосэн гэдэг нь инженерийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг Японы өвөрмөц тогтолцоо. Японы эдийн засаг эрчтэй өсч байх үе буюу 1960-аад оны үеэс аж үйлдвэрийн салбарт ажиллах, инженер техникийн ажилтнууд дутагдалтай, бакалавраар мэргэжилтэн бэлдэхэд цаг хугацааны хувьд амжихгүй асуудалтай байсан. Японд ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчид их дээд сургуулийн шалгалтад бэлтгэж, их дээд сургуульд элсээд эхний нэг жил ахлах сургуульд үзсэн агуулгаа үзэж хоёр жил алддаг дутагдалтай байж. Гэтэл коосэн систем нь үргэлжилсэн таван жил тул жил алдах гэсэн зүйл байхгүй, ахлах сургуулийн боловсрол давхар олгочихдог. Мөн бусад системийн сургуулиас хоёр жилийн өмнө дадал чадвартай инженерүүдийг хөдөлмөрийн зах зээлд гаргадгаараа онцлогтой. Дадлага туршилтад суурилсан сургалт явуулдаг тул сурагчид төгсөхдөө шууд ажиллах чадвартай болж гардаг. Өдгөө энэхүү Коосэний боловсрол дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, бусад орнуудад нэвтрүүлэхээр хичээж байгаа бөгөөд Монгол бол системийн дагуу нэвтрүүлсэн анхны орон болсон.

-Японд анагаахын инженерчлэлийн чиглэлээр магистр, докторын зэрэг хамгаалсан гэлээ. Анагаахын инженерчлэл гэж юу вэ?

-Анагаахын инженерчлэл бол одоо дэлхий нийтэд хамгийн сонирхолтой салбар болоод байгаа. Ер нь өнөөдөр ямар нэгэн салбар дангаараа хөгжихөө больсон цаг. Анагаахын инженерчлэл гэдэг салбар бол эрүүл мэндийн салбарт шаардагдаж байгаа эмчилгээ оношилгооны систем, аргачлал мөн тоног төхөөрөмжид шинэ технологийн санаа шийдлийг оруулаад илүү өндөр бүтээмжтэй, чадвартай болгож байгаа инноваци юм.

Миний суурь мэргэжил бол электроник мэдэээлэл зүйн инженер. Энэ суурь мэргэжлээ анагаахын оношилгоо сувилгааны салбарт ашиглаад докторын зэргээ хамгаалсан. Японд төр, хувийн хэвшил, их дээд сургуулиудын гурвалсан томоохон төсөл дээр 5 жил судлаачаар ажилласан. Энэ үедээ судалгааны чиглэлтэйгээ холбоотой Японы болон олон улсын нийтдээ долоон патентийн зохиогчийн эрхийг авсан юм. Авсан патентын маань эзэмшигчийн эрх нь тус төсөл дээр ажиллаж байсан их сургуульдаа байдаг бөгөөд миний нэр зохиогчийн эрх гэдэг утгаараа явдаг.

-АНУ-ын Харвардын их сургуулийн судлаачаар ажиллаж байсан гэсэн. Ямар судалгаан дээр ажиллаж байв?

-2007-2009 онд АНУ-ын Харвардын их сургуулийн Анагаахын сургуульд ассистант профессор, түүнчлэн Массачюссэтсийн нэгдсэн эмнэлгийн Радиологийн тэнхимд судлаач багшаар ажилласан. Энэ явцдаа шулуун гэдэсний хорт хавдарын автомат оношлогоог бий болгох төсөл дээр ажиллан, хавдрын бүтцийн математик загварчлалын тухай судалгааны үр дүнгээ олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд хэвлүүлж байсан. “Хэвлийн хөндийн гурван хэмжээст CT зураг ашигласан автомат оношлогооны систем хөгжүүлэлт” зэрэг судалгааны ажил хийсэн. Харвардад хийсэн шулуун гэдэсний хорт хавдрыг автоматаар оношлох төслийг АНУ-ын Засгийн газар дэмжиж, өнөөдрийг хүртэл амьдрал дээр хэрэгжүүлж байна даа.

-Өндөр цалин, ажиллах таатай орчноо сольж Монголдоо ирэх шийдвэр гаргахад танд юу нөлөөлсөн юм бэ?

-Монгол Улсын маань хөгжлийн хурд гоё шүү дээ. Би Япон болон АНУ-д олон жил ажиллаж амьдарсан. Эндээс харахад хүн өөрийгөө хамгийн бүтээлч, идэвхтэй байлгах газрыг сонгох нь чухал юм билээ. Япон, АНУ бол тодорхой хөгжлийн түвшинд хүрчихсэн улсууд. Тэнд нэг хүний үүрэг хязгаарлагдмал байдаг. Хэдийгээр том төслүүдэд ажиллаж, цалин хангамж сайтай байсан ч миний хувьд далайд дусал нэмэр гэдэг шиг л шүү дээ. Харин Монгол Улсдаа сурсан мэдсэнээ зориулж, бүтээлчээр ажиллаж чадвал, тогоонд шанагаар ус хийж байгаа шиг л өөрчлөлтийг авчрах боломж байгаа. Үүнийг ирснээсээ хойш мэдэрч байгаа. Улаанбаатар маань маш эрчимтэй идэвхтэй хот хөгжиж байгаа боломжоор дүүрэн хот. Би хүүхдүүдээ энэ орчинд дасан зохицох чадвартай дайчин монгол хүн том хүн болоосой гэж хүссэн тал байгаа.

-Та Хан-Уул дүүргээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. НИТХ-ын МАН-ын бүлгийн дэд даргаар ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд иргэдийн санал санаачилгыг дэмжих, бодитой ажил болгоход хэр анхаарч ажилласан бэ. Ямар асуудал бэрхшээл тулгарч байв?

-2016 оны сонгуульд Хан-Уул дүүргийн төвийн хэсгээс нэр дэвшиж, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Сонгогдохдоо улстөрч болно гэхээс илүүтэй шийдвэр гаргах эрх бүхий байгууллагад орж ажиллан хотынхоо хөгжилд өөрийн мэргэжлийн давуу тал, арга туршлагаа зориулъя гэж шийдэж байлаа.

Саяхан би хийсэн ажлынхаа тайланг гаргаж үзлээ. Ер нь төлөөлөгчийн ажил хийх хүнд мундахгүй их ажилтай сонгуульт ажил. Жишээ нь, 2018 онд гэхэд Тэргүүлэгчдийн хурал дээр 104 санал болон асуулгыг гаргаж тавьсан байна. Хуралдаа 100 хувийн ирцтэй оролцсон (инээв). Миний хувьд олон мянган иргэд сонгогчдыг төлөөлж байгаа учраас ажилдаа хариуцлагатай хандах ёстой, тийм ч үүрэгтэй гэж боддог. Учир нь өнөөдөр Тэргүүлэгчдийн хурал, чуулган дээр хэлэлцээд батлаж байгаа шийдвэр маргааш нь шууд иргэдийн өдөр тутмын амьдралд нөлөөлөөд эхэлдэг. Анх төлөөлөгч болсны дараа ажил үүргийн хуваарилалт бүрхэг, хичнээн хөөцөлдөөд ч ажил бүтэхгүй, иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаадаа бачимдах үе байсан.Гэхдээ яг тийм үед иргэдийнхээ хүчийг авч ажиллах нь зүйтэй юм билээ. Иргэний оролцоо үнэхээр чухал. Иргэн улс орныхоо хөгжлийн бодлого, хууль дүрэмд өөрийн саналаа хүргэх, эрүүл аюулгүй орчинд амьдарч, сурч боловсрох, төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг эрхүүд нь ИТХ-д сонгосон төлөөллөөр дамжих хэрэгжих ёстой. Иргэний нийгмийн амьдралд оролцох эрх чөлөө нь гэсэн үг л дээ. Болдогсон бол УИХ дээр яригдаж байгаа хуулийн төсөлд тойргийнхоо иргэдийн саналыг багцлаад оруулмаар байдаг. Гэтэл бодитоор тийм боломж бараг байхгүй дээ. Саналаа хүргүүлж болно, гэхдээ түүнийг харгалзаж үзэх эсэх нь хууль санаачлагчдад байдаг.

НИТХ-ын үүрэг нь зөвхөн хотын Засаг даргын ажлыг хянаад чиглүүлээд байх биш, төрийн захиргааны төв байгууллага болох асуудал эрхэлсэн харьяа яамдад иргэдийн дуу хоолойг хүргэх, иргэдийн санал санаачилгыг дэмжих, бодитой ажил болгохыг төлөө л явах ёстой газар. Жишээ нь, би төлөөлөгч болоод хамгийн анхны төсөв дээр тойргийнхоо ӨЭМТ-үүдийг ургийн оношилгоо, нярайн шарлагын аппаратаар хангах саналыг батлуулсан. Энэ ажил маань дараа жилээс нь цар хүрээгээ тэлж УБ хотын бүх ӨЭМТ дээр хэрэгжсэн. Мөн тойргийнхоо хөлбөмбөгт дуртай иргэний саналыг 2017 онд хүлээн авч хоёр жил орчим хамтран ажилласны хүчинд, Нийслэл хотын дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай байгуулах ажлыг шийдүүлсэн.

-Нэг хот – Нэг стандарт гэдэг санааг хэдэн жилийн өмнөөс та ярьж эхэлсэн. Ер нь хотын стандарт гэж ямар байх ёстой юм бэ?

-2019 оноос Хотын стандарт гэдэг ойлголт анхаарлын төвд орж, ажил хэрэг болж эхэлсэнд баяртай байгаа. Нэг хот Нэг стандартын үндсэн санаа нь хотын төв болон хотын захад амьдарч байгаа иргэн адилхан боломжтой, адил орчинтой байх ёстой. Нийгмийн харилцааг зохицуулдаг стандарт нь нэг ижил, үүнийг зохицуулдаг хууль журмууд нь тодорхой, хоорондоо уялдаа холбоотой гараасай гэсэн санаа юм. Өнөөдөр Улаанбаатар хотод хэрэгждэг 500-аад хууль эрхзүйн бичиг баримтууд байдаг. Гэтэл яагаад иргэд бухимдаад байна вэ гэхээр эдгээр хуулиас гадна бодит амьдрал дээр иргэний амьдралыг зохицуулахад хоорондоо уялдсан зохицуулалт байх ёстой юм. Харамсалтай нь, өнгөрсөн 30 жилд бид стандарт гэдэг зүйлийг орхигдуулсаар ирсэн байна. Японд гэхэд стандарт маш чухал. Төрийн захиргааны байгууллагаас гадна хувийн хэвшил нь өөрсдөө стандартаа тогтоож санаачлаад хэрэгжүүлдэг. Жишээ нь Аялал жуулчлалын салбарт нь гэхэд нэгдсэн нэг стандарт байх гэдэг ч юмуу. Стандарт хууль биш учраас цаг үетэйгээ уялдаад шинэчилж болдгоороо давуу талтай. Хаана стандартын шинэчлэл хурдан байна тэнд хөгжил хурдан байна гэж олон улсын төвшинд үздэг.

-Таны бодлоор өнөөдөр Улаанбаатар хотод хамгийн чухал, тулгамдаж буй ямар асуудлууд байна?

-Эрчим хүчний асуудал байдаг. Гэтэл иргэд энэ дээр мэдээлэлгүй яваад байдаг. Манай эрчим хүчний сүлжээ 12 хувийн алдагдалтай явдаг. Энэ алдагдлыг бууруулахад л нэлээд асуудлыг шийдчих боломж байгаа. Гэр хороололд дэд бүтэц тавих талаар мөн ярьдаг. Яг инженерийн шийдлийг нь харахаар маш хязгаарлагдмал байдаг. Дөрөвдүгээр цахилгаан станцаас дэд бүтэц тавина гэдэг хэцүү, санхүүгийн асуудал бий. Шийдэл нь бие даасан инженерийн байгууламжтай байх ёстой байдаг. Нэг жишээ нь Чингэлтэй дүүрэгт баригдсан “Сервис центр” гээд 200 айлын дундах байгууламж бий. Хэзээ нэгэн цагт Улаанбаатар хот бие даасан инженерийн байгууламжтай болох зайлшгүй шаардлагууд байгаа.

Мөн Улаанбаатар хотын газрын асуудалд анхаарах хэрэгтэй. Хот дээрх ямар ч асуудал жишээ нь тохижолт, орон сууцны барилгын дахин төлөвлөлт, СӨХ, сургууль цэцэрлэгтйн бүтээн байгуулалт, иргэд хоорондын маргаан гээд иргэнээс ирсэн хүсэлтийг хөөцөлдөөд явахад эцсийн дүндээ газар л хамгийн чухал субьект болдог. Гэтэл газартай холбоотой маргаан шүүх дээр очихоороо маш удаан шийдэгддэг. Үүнээс иргэд, ААН, төрийн байгууллагынхан залхдаг тийм жижиг тогтсон байна. Гэтэл хотын хөгжлийн үндэс суурь нь газар, газар зохион байгуулалт, зүй зохистой ашиглалт байдаг. Бид өнөөдөр хотынхоо төвийн газрын эзэмшил, зүй зохистой ашиглалт, стандарт хангасан орон сууцны хороолол хотхоны бүтээн байгуулалтаа нэг мөр шийдэж чадаагүй байна. Газрын хуулийн шинэчлэл, СӨХ-ийн асуудлаас эхлээд хууль зүйн зохицуулалтууд ч дутуу дулимаг, хөрсөн дээр буугаагүй байна. Хотын хөгжил бол өнөөдрийн төлөвлөлт юм. Ингэж чадвал Улаанбаатар хот маань хөгжих том боломжууд, сайхан ирээдүй бий.

-2020 оны сонгуульд МАН-аас нэр дэвших магадлалтай эмэгтэйчүүд гэсэн мэдээлэл дотор таны нэр байсан. Цаашид улс төрд явах төлөвлөгөө бий юу?

Сонгуулийн талаар ярихад эрт байна. Миний хувьд Нийслэлийн харьяа Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын даргын ажлыг хашиж байгаад оны өмнө өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Үүний шалтгаан нь одоо хийж байгаа төлөөлөгчийн ажилдаа илүү төвлөрье гэж шийдсэн хэрэг. Хэрэв итгэл хүлээлгэх магадлалтай хүмүүсийн дунд нэрлэгдсэн явж байгаа бол нэр хүндтэй л асуудал байна даа.

-Олон улсын нэр хүндтэй Харвардын Анагаахын Их Сургуулийн анагаахын инженер эрдэмтэнтэй уулзсаных цаг үеийн асуудлын талаар тодруулмаар байна. Коронавирусийн дэгдэлт дэлхий даяар айдас төрүүлж байна. Монголд авч байгаа арга хэмжээ болон цаашид үүсэх нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-2002 оны САРС, 2009 оны МЭРС гээд халдварт өвчин Зүүн өмнөд Азийн орнуудад дэгдэхэд би Япон, Америкт байж таарсан. Мэдээлэлтэй илүү ойр байсан. Энэ удаа Коронавирус тахлын хэмжээнд дэгдэж, өндөр гарз хохиролтой, багагүй хугацаанд удаан үргэлжлэнэ гэдэг нь ч тодорхой байна. Урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийж чадаж байгаа Засгийн Газар, Нийслэл, УОК, Эрүүл мэнд Онцгой байдлын салбарынхандаа талархаж байгаа. Иргэд маань ч сайн байна. Тийм ч учраас өнөөдрийг хүртэл нэг ч тохиолдол илрээгүй байна.. Гэхдээ зарим нэг анхаарах зүйл ажиглагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, одоо дараагийн шатны арга хэмжээнд шилжих цаг иржээ. Тархалт намжих цаг болоогүй байна. Иргэд сэтгэл зүйгээ тогтвортой байлгаж, цахим орчинд явж байгаа худал мэдээллийг дагаж хямарч савлахгүй, зөвхөн мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж анхааруулгыг сонсох ёстой. Нөгөөтэйгүүр одоо вирус илэрсэн тохиолдолд яах ёстой вэ гэдэг мэдээллээр иргэдийг илүү тодорхой хангамаар байна. Ер нь зөвхөн энэ удаа ч биш цаашид дахиад халдварт өвчин дэгдсэн тохиолдолд улсаас бодлогоор маск, эм тариа бусад хэрэглэгдэхүүнээ хангалттай бэлдэж нөөцлөхөөс гадна энэ чиглэлийг байнга судлаж, шинжилгээ судалгаа хийдэг эрдэмтэд судлаачдын баг ажиллуулж, хөрөнгө оруулалт бодлогоор дэмжиж явах ёстой юм.

Холбоотой мэдээ

Г.Сайханбаяр: Зэвсэгт хүчинд барилга-инженер, кибер аюулгүй байдлыг хангах шаардлага, нөхцөл бүрдсэн

Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаярт

2020-04-08

С.ЦЭРЭНДАШ: ҮНЭТ ЦААСНЫ ДАРАА ТӨЛБӨР ТООЦООНЫ ШИНЭ ГОРИМД ШИЛЖЛЭЭ

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга С.Цэрэндаштай ярилцлаа. -Санхүүгийн зохицу

2020-04-06

Ц.БАЙГАЛМАА: MОНГОЛ БОЛ КООСЭН-Г СИСТЕМИЙН ДАГУУ НЭВТРҮҮЛСЭН АНХНЫ ОРОН

Ц.БАЙГАЛМАА: MОНГОЛ БОЛ КООСЭН-Г СИСТЕМИЙН ДАГУУ НЭВТРҮҮЛСЭН АНХНЫ ОРОН /2018.11.06/   Анх ер нь

2020-04-06