МУГЖ Г.Урнаа: “Насаар минь жаргаасанд баярлалаа. Надад ямар ч гомдол байхгүй” гэж ханьдаа хэлдэг

2019-04-28 39 0
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, МУГЖ Г.Урнаатай уулзаж ярилцлаа.
-Таны ажил тавлаг уу. Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Ажил тавтай. Манай театрынхан Дорнод аймаг руу бригадаар явах гэж байна. Би Дорнод аймгийн Матад сумын хүн. Аав маань Матад сумын Урлагийн гавьяат зүтгэлтэн Гүрбазар гэж хүн байдаг. Тэгээд нутаг руугаа тоглолтоор явах гээд сэтгэл маш өндөр байна.
-“Бүсгүйн зурвас” жүжгээ аймгийнхаа тайзан дээр тавих уу?
-Бид “Бүсгүйн зурвас”, “Тэнгэрийн хүү” жүжигтэй явж байгаа.
-“Бүсгүйн зурвас” жүжиг олон хоног тайзан дээр уяатай байлаа. Их ачаалалтай байв уу?
-Тэгсэн. “Бүсгүйн зурвас” жүжиг дээр маш их ачаалалтай байлаа. Өдөр шөнөгүй ачаалалтай ажиллаж байж энэ жүжгийн ард гарсан. Аятайхан дажгүй уран бүтээл боллоо гэж бодож байгаа.
Та улстөрчийн эхнэр Туяагийн дүрийг санасандаа хүртэл гаргаж чадсан уу?
-Туяагийн дүр зохиол дээр байгаагүй. Энэ жүжгийг Жагаа бид хоёр 10-аад жилийн өмнө уншиж байсан.
Хоёулаа хийе гэж бодож байгаад орхисон. Тэгсэн театр дээр хийх болоод, Туяа бол угаасаа байхгүй дүр, эхлээд хоёрхон хүний жүжиг гээд гайхаж байсан л даа. Би захиргааны зөвлөлд байдаг болохоор уран бүтээлд олныг хамруулах, жүжигчдийг бүгдийг ачаалалтай байлгах үүднээс их дуугардаг хүн л дээ. Тэр үүднээсээ Н.Наранбаатарыг энэ жүжигт шинэ, олон дүр оруулж ирсэнд нь үнэхээр баярлаж байгаа. Бүх жүжигчин ажилтай, ачаалалтай ажилласан. Уг нь зохиолыг уншихад гоё. Яг тайзан дээр тавигдахад хоёрхон хүн тоглоод байх бас хэцүү шүү дээ. Н.Наранбаатарын хувьд зохиолыг маш сайн болгож чадсан.
Жүжгийн ажил эхлээд явж байхад миний дүр бичигдсэн. Туяагийн дүр надтай их ойролцоо дүр байсан. Ер нь ширүүн, зарчимч хүний хүүхдүүд хүмүүжилтэй байна. Гэр нь яг л тэр зарчмаар цэмцгэр, бүх зүйл нь байр байрандаа замбараатай байдаг. Харин зөөлөн хүн амьдралд их зөөлддөг. Зөөлдсөнөөс болж амьдралдаа алдах тохиолдол маш их байдаг учраас Туяагийн дүрийг тэр зөөлөн талыг нь барьж хийсэн. Зөөлөн тал нь надтай их төстэй. Тэгээд би өөрийнхөө зан араншинтай ойролцоо юм даа гэж бодсон учраас Туяагийн дүр надад их таалагдсан. Маш сайн, сайхан эмэгтэйн дүр шүү дээ.
-Жүжгийг үзэхэд Туяа бүсгүй зөөлөн зан чанартай гэдэг нь үнэхээр мэдрэгдсэн, дэндүү номхон. Амьдрал дээр зөөлөн хүн алдах гээд байдаг гэж та хэллээ. Яагаад тэр вэ?
-Хүний амьдрал янз бүр. Жишээлбэл, ижилхэн хашхирдаг, огцом уурладаг зан ааштай хоёр хүн ажил хэрэг дээр, амьдралд ч таарахад хэцүү. Хатуу зөөлөн хоёр ижилсэж таардаг гэдэг шиг энэ дүр амьдралд яг байдаг дүр. Нэг нь ямар ч үед хувирч чаддаг, шуурхай, чадвартай байхад нөгөө талд нь зөөлөн хүн байгаа нь нэг талаар зөв юм. Зөөлнөөсөө болж алдах гэдэг нь “За, тэг дээ, болно, бүтнэ” гээд хэт нэгэндээ итгээд, аясаар нь явуулсаар байтал нөгөөх нь буруу тийшээ эргээд явчих тохиолдол байдгийг хэлж байгаа юм. Ер нь даруухан, хэт энгийн амьдралтай хүмүүс алдах талдаа байдаг. Надад бол тэгж мэдрэгддэг. Өнгөн дээрээ амьдрал нь болоод л байх шиг хэрнээ цаана нь нөхрөө юу хийж байгааг мэдэхгүй. Гэрийн амьдралтай хүн бол тийм л байдаг. Ялангуяа энэ чинээлэг амьдралтай хүмүүсийн ар гэрийн бүсгүйчүүдийн ихэнх нь ажил хийдэггүй шүү дээ. Туяа бол ганган чамин хэрнээ нэг л дутуу амьдарч буй бүсгүйн дүр. Сүүлдээ нөхрөө хаяад явж байгаа юм. Тэгэхдээ л хайртай байна гэдэг, үнэнч хайр гэдэг гайхалтай. Эмэгтэй хүн цагаа тулахаар үнэхээр үнэнчийн үнэнч байдаг. Амьдралынхаа төлөө зүтгэхийн дээдээр зүтгэдэг.
Та нөхөртэйгөө хамт тоглосон чинь Жагаа ахад дургүй ч хүрэх шиг болсон шүү?
-Тэгсэн. Бид хоёр “За одоо чамайг үзээд хүмүүс үзэн ядна даа. Намайг аймаар өрөвдөж хайрлана” гээд ярьж байлаа. Зохиол, дүр нь юм чинь тэгж л гаргах ёстой л доо.
Тайзан дээр нөхөртэйгөө гэр бүл болоод шал өөр дүр, амьдралд ороод тоглоход ямар байдаг вэ?
-Жүжиг юм чинь одоо яах вэ дээ. Би ханьтайгаа олон сайхан дүрд хамтарч тоглосон. Тайзан дээр гэр бүл болно, ээж хүү, аав охин болно. “Тэнгэрийн хүү” жүжиг дээр ч хос болдог, тэгээд төгсгөлд нь үхдэг. Үзэж байгаа хүмүүс “Яг төгсгөлийг нь харахаар, энэ хоёр ингээд байхгүй болно гэж бодохоор харамсаад байдаг юм аа” гэнэ. Хоёулаа хослоод тоглохоор ойлголцоход амархан, дүр амилах, үнэн талдаа очиход нөлөөтэй.
-“Хасар” Жагаа ахын тухайд амьдрал дээр ч “Бүсгүйн зурвас”-ын Архай маягийн төрх байна уу гэж хүмүүс бараг хардсан байх аа?
-Тийм үү. Үгүй ямар хачин юм бэ. Үгүй, амьдрал дээр тийм биш. Архай бол манай нөхрөөс тэс өөр дүр. Харахад ширүүн дориун юм шиг мөртлөө надаас зөөлөн хүн байвал яах вэ.
-Тийм үү?
-Тийм. Их зөөлөн, хүнтэй ам зөрдөггүй, төвийг барьж чаддаг, ноён нуруутай эр хүн. Хүүхдүүддээ ч хатуурхахгүй, гар хүрч байсан удаагүй аав шүү дээ. Би бол хэлэх үгээ шулуухан хэлээд л тавьчихна.
-Тэгвэл Б.Жаргалсайхан гуай Архайн дүр дээр өөрийгөө их задалсан юм байна?
-Тэгсэн. Урлаг судлаачид, хүмүүс “Хаан, ноён болоод тоглоод л байдаг. Гэтэл энэ удаа хүний мөн чанарыг Кихот энэ тэрээс илүү, үнэхээр өөрөөр гаргалаа” гэж хэлсэн. Жагаа, Архайн дүрийг маш сайн гаргасан.
Бас жүжгийн дунд нэг аальгүй хүүхэн Архайг атгаад, хэн ч биш болгоод сөгдүүлж байгаа хэсэг гардаг. Тэр их хөөрхөн шигтгээ болсон шүү?
-Тийм. Эрэгтэй хүн ерөөсөө тийм л болдог байх нь. Өнгө мөнгөний төлөө амьдралаа хаяхад, нөгөө зүтгээд байсан зүйл нь эргээд өөрт нь тэгж тусдаг. Найруулагч амьдралд байдаг л юмыг оруулж ирсэн нь тэр юм.
-Та хоёрын охин гэж их харамсалтай дүр байсан?
-Охинд аав нь их нөлөөлсөн. Инээгээд л мансуурсан уу, согтуу юм уу хачин байдалтай байгаа хүүхдээ ч ажиглах завгүй байна шүү дээ хүмүүс. Тийм учраас бид хоёр саяхан нийгэмд хандсан “Хайрлахын учир” гэж жүжиг цагдаагийн байгууллагатай хамтарч хийсэн. Эцэг эх нь ажилтай, завгүй гээд хүүхдээ сонсч чаддаггүй, үр хүүхэд нь учир явдлаа ярих гээд байдаг. Ийм орчин нөхцөл бий болчхоод байна. Энэ бол үнэхээр эмзэглэх асуудал юм.
-“Бүсгүйн зурвас” жүжгийг хүмүүс янз бүрээр хүлээж авсан, зарим нь ч шүүмжиллээ. Гэхдээ яг анхны зохиолоор нь хийсэн бол уйтгартай болох байсан байх аа?
-Зохиол нь өөр болсон гэж л шүүмжилсэн. Гэхдээ энэ жүжгийг хийхэд театр тэр чигээрээ хөдөлсөн. Хүнд хүрэхдээ нэг их гүн бодолд автуулахгүй, үзэгчдээ ч уйдаахгүй, нийгэмд буй олон сөрөг асуудлыг хөндөж тавьснаараа онцлог, сайхан уран бүтээл болсон.
-Та сүүлийн хэдэн жилд театрын хэлтсийн дарга гээд уран бүтээлээ жаахан орхисон уу?
-Яах вэ, жүжгүүдэд тоглоод л байгаа. Сая бид хоёрыг хамтдаа гарч ирэхэд л хүмүүс нэлээн их шуугилаа, гоё байлаа.
-Та ярилцаад суухаар их намуухан хүн юм. Яг амьдрал дээр ямар эмэгтэй хүн гэж өөрийгөө хэлэх вэ?
-Би амьдрал дээрээ шулуун шударга зантай, бодсоноо ил хэлдэг. Өөрийн хүссэнээрээ амьдардаг. Нэг л амьдарч байгаа болохоор юу хүснэ түүнийгээ л хийнэ гэж боддог. Гэхдээ би хүнд муу юм хийхгүй, нэгнийхээ төлөө явна.
-Урлагийн замыг хэцүү гэдэг?
-Хэцүү биш шүү дээ. Сайхан, хүмүүст зөв үнэлэгдэж, хайрлагдаж явна гэдэг сайхан. Ажиллаж байх явцад хэцүү ч дүр тайзан дээр амилаад ирэхэд сайхан, гоё, урамтай. Театртаа ороод ирэхэд ар гэр, хувийн амьдрал ерөөсөө сонин биш. Жүжигчин хүн ажлаа сайн хийдэг, мундаг, чадалтай байх ёстой. Манай театрын захиргаа, хамт ажиллаж байгаа нөхөд маань бие биенийхээ ар амьдралд тусалдаг, дэмждэг. Харин тайзан дээр байхад хагацал зовлон тохиолдсон ч инээгээд л тоглоно.
-Танд хүнд үед тайзан дээр инээгээд тоглох үе байв уу?
-Байсан. Саяхан жүжгээ өгөх гэж байхад төрсөн ах минь өнгөрөөд, би олны өмнө уйлалтай нь биш, тоглож байгаад гараад ахынхаа ажил явдалд оролцоод, буцаж гүйгээд л хэцүү байсан. Жүжигчин хүнд ийм хүнд үе тохиолддог.
-Тайзан дээр мөнхийн залуу нас гэж үнэхээр байдаг бололтой. Урлагийн хүүхнүүд арай л удаан хөгшрөөд байна уу даа?
-Тийм. Тэгэхдээ л бас бие муутай шүү дээ. Харахад гоё, залуу юм шиг харагдаад байдаг хэрнээ манай ахмадууд их цөөхөн. Мэргэжлийн өвчин тайзны гэрэлд нүд их улайдаг, хоолой, дотор эрхтэн өвдөх нь их. Өөртөө л их арчаатай байх ёстой.
-Та хоёр нийгэм дамнаад ажиллаж амьдарч байна. Нийгмийн ялгаа гэдэг зүйл хүмүүсийн ажил хөдөлмөр, зан харилцаанд ажиглагддаг уу?
-Харагдана. Хөгжлийн хурдац залуусын сэтгэлгээний хурд дээр мэдэгдэж байна. Бидний үед юмыг их нухаж, бодож, үг болгон утга учиртай гэж хийдэг байсан. Одоогийн залуус маш хурдтай, нэг мэдэхэд л дүрийнх нь үг суучихсан байдаг. Чанар чансааны хувьд ялгаатай юм бий ч цаг үеийн хурдаас хэн ч хоцрох ёсгүй шүү дээ.
-Таны хамгийн гоё дүр гэвэл?
-Зөндөө сайхан дүр бий. Залуу насандаа Үнсгэлжин, Жульетта, Дездемон гээд охидын хүсдэг бүх дүрд тоглосон. Сүүлийн үед дандаа ээжийн дүрд тоглож байна. Би сайн муу олон дүрд хувирч тоглох дуртай.
-Урлагийнхны цалин бага гэдэг. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Бид хоёр гуч гаруй жил ажиллаж байж үсрээд л 700, 800 мянган төгрөгийн цалин авч байна. Гэхдээ ажлынхаа хажуугаар багшилж, өөр уран бүтээл дээр ажиллана, кинонд тоглоно. Жүжигчин хүн өөрөө хичээж, зохицуулж ажиллах хэрэгтэй. Цалин багатай ч жаргалтай ажиллана шүү дээ.
-Б.Жаргалсайхан ах хэр романтик залуу вэ?
-Бид хоёр хоёулаа л романтик шүү дээ. Нас ахих тусам бие биедээ уусаад амьдрал сайхан. Бид хоёр 1983 онд айл болж, 2010 онд мөнгөн хуримаа хийсэн. Тэр жил би МУГЖ болоод, уг нь гавьяатын найр хийж байсан чинь сүүлдээ мөнгөн аяга сүү болоод, хуримын ордны хүн ирж 25 жил амьдарсныг батламжлаад, Жагаа маань надад сюрприз барьсан шүү дээ.
-Та хоёр оюутан байхдаа суусан, энэ олон жил хамт амьдарсан болохоор бие биеэ нэвт шувт мэддэг болсон байх даа?
-Нэгийгээ нэвт шувт мэднэ, нэвт шувт эвлэрчихсэн. Би “Намайг насаар минь жаргааж амьдруулсанд баярлалаа. Надад ямар ч гомдол байхгүй” гэж Жагаад хэлдэг юм. Жагаа ч гэсэн “Ханьдаа үнэхээр их баярлалаа” гэдэг.
Биднийг оюутан байхад бүжгийн багш маань бид хоёрыг гэртээ их аваачдаг байсан. Тэр үед бид хоёр “Ромео Жульетта”-д тоглодог байсан. Багш маань бидний тоглохыг хараад уйлна аа. Тэгээд “Та хоёр үнэхээр гоё хос. Би амьдралдаа алдсан. Би анхны ханиа орхиод том дарга хүнтэй суусан. Миний амьдрал ахиад эхнээсээ эхэлсэн. Энэ миний алдаа гэдгийг тэр үед их бодсон. Та хоёр муудалцах үе гарвал бүхнийг эхнээс нь эхлэх үү, эсвэл амьдралаа цааш нь аз жаргалтайгаар насан туршдаа авч явах уу гэдгээ ухаантай шийдээрэй. Үүнийг л сайн бодож яваарай” гэдэг байсан.
-Багш тань их алсыг бодож хэлжээ?
-Тэр үг бид хоёрын зүрх сэтгэлд орчихсон. Ер нь юу ч тохиолдож байсан, хэн ч, юу ч ярьж байсан хоёр биендээ хэлж, хоёр биедээ л итгэх хэрэгтэй, тэгээд л гүйцээ. Би энэ яваа насандаа юм индүүдсэнгүй, Жагаа гурил зуурсангүй. Хэн завтай нь гэр орны ажил, хоол ундаа хийгээд, хүүхдүүдээ хараад бие биеэ нөхөж явна даа. Бид хоёр ер нь зүгээр суухгүй. Зав гарвал салхинд гарна, найз нөхөдтэйгээ уулзана. Сүүлийн үед аялах дуртай болсон. Сая найзуудтайгаа Сингапур, Хятад явлаа. Одоо бид насны хувьд ч амрах, дуртай зүйлсээ хийх цаг болж. Гуч гаруй жил ажиллахдаа Жагаа бол зун ч бараг амраагүй. Би бол зохицуулж амраад, ар гэртээ анхаараад, бусад ажлаа зохицуулна.
-Та авъяас нэг хувь, хөдөлмөр 99 хувь байж амжилтад хүрнэ гэдэгтэй санал нийлдэг үү?
-Манай Жагаа бол яг тэгж хэлдэг. Бас Г.Уранчимэг бас хөдөлмөрлөх л хэрэгтэй гэдэг юм. Би бол ямар ч тохиолдолд авьяас байх ёстой гэж боддог. Авьяасгүй бол хөдөлмөрлөөд хөдөлмөрлөөд барахгүй. Бид хоёр энэ асуудлыг ингэж хоёр талаас нь ярьдаг юм. (инээв)
Г.Пүрэвсүрэн

Холбоотой мэдээ

Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбооны Тэргүүн Л.Дэлгэрбаяр: Бичил уурхай бол орон нутгийн иргэд байгалийн баялгаасаа хүртэж буй хамгийн бодит хэлбэр юм

Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбооны Тэргүүн Л.Дэлгэрбаяртай бичил уурхайн салбарын талаар

2019-08-22

Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот дахь Консулын газрын дэд консул Б. Баттүшиг жолооч С.Эрдэнэба

2019-06-11

В.Энхбаатар: Бүс нутгийн болон дэлхийн сахнхүүгийн зах зээлүүдийн интеграцид гүнзгий орох нь бидний зорилго юм

Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны Гадаад харилцаа, хамтын ажиллааааны газрын дарга В.ЭНХБААТАРТАЙ

2019-05-31