Ц.Базаррагчаа: Буйлны үрэвсэл олон өвчин, хавдрын эхлэл болдог

2019-04-28 36 0
Шүдний эмч, тулгуур эдийн эмч, амны хөндийн нян судлаач, АУ-ны доктор Ц.Базаррагчаатай уулзаж ярилцав.
Тэрээр Япон улсын Окаяамагийн Шүдний сургуульд амны хөндийн нян судлалаар докторын зэрэг хамгаалсан, нүүр ам судлалын салбарт 27 жил ажиллаж байгаа эмч, эрдэмтэн юм. Мөн Японд 1993-1996 шүдний эрүүл ахуй, шүдний эмчилгээ, хүүхдийн шүдний эмчилгээ, хүүхдийн шүдний гажиг заслын мэргэшүүлэх сургалтыг дүүргэж, Окаяамагийн шүдний сургуулийн хүүхдийн шүдний тэнхимд 1997-1998 онд эмч-судлаачаар ажиллаж байжээ.
-Японд докторын ажил хийхэд таны хэлний болон ерөнхий мэдлэгийн тэндхийн шаардлагад хэр нийцэж байв?
-Би Анагаах ухааны дээд сургуулийг төгсөөд, сургуульдаа, Нүүр ам судлалын тэнхимд багшилж байгаад Япон явсан. Би эхний жил хагаст магистрын ажлаа хийж хамгаалаад, шууд докторантурт орж байлаа. Тухайн үед 1997 онд бидний англи хэлний боловсрол муу байсан. Бас япон хэлэндээ муу, хэлний бэрхшээл их байсан. Гэхдээ тэр давааг давсан л даа. Бүтэн жил гаруй хэлний сургалтад явангаа бэлтгэж байгаад докторантурт элсэх шалгалтаа япон хэлээр өгч байв. Нүүр ам судлалын сургуульд гадаадын 15 оюутан ороход би ганцаараа япон хэл дээр шалгалт өгсөн юм.
-Таны докторын судалгааны ажлын чиглэл юу байв?
-Миний үндсэн сэдэв шүд цоорох өвчин, амны хөндийн буйлны үрэвсэлт өвчин байлаа. Амны хөндийн үрэвсэлт үүсгэгч нь амны хөндийн нян. Би шүд цоорох өвчнийг үүсгээд байгаа нянг шинэ түвшинд судалж цоо шинэ колоныг дэлхийн нүүр ам судлалын шинжлэх ухаанд нээсэн. Тэгээд шинэ онол баталж байсан.
-Та тэгээд патент авсан уу?
-Тухайн үед эрдэм шинжилгээний өгүүлэл маань гарсан. Доктор хамгаалахын тулд олон улсын мэргэжлийн сэтгүүлд хоёроос доошгүй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлдэг, том хурал симпозиумд илтгэл тавьдаг. Монголдоо ирээд зохиогчийн эрх, патентаа авсан.
-Нян судлал гэхээр та лабораторид удаан ажилласан байх. Лабораторийн орчин, урвалж бодис, технологийн хувьд тэнд ажиллахад таатай байсан уу?
-Тэгэлгүй яах вэ. Японд биологийн шинжлэх ухаан, нян судлалын шинжлэх ухаан асар өндөр хөгжсөн. Дэлхий дээр энэ чиглэлээр Европт Герман, Латин америкт Америк, Азид бол Япон л байдаг. Тэр өндөр хөгжилтэй оронд, сайхан нөхцөлд ажиллана гэдэг бол нэг талаасаа хувь заяа юм даа. Монголчуудын “Усыг нь уувал ёсыг нь дага” гэдэг нэг сайхан үг бий. Би япон хэлийг сайн сурвал их боломж байна гэдгийг ойлгож мэдэрсэн гэх үү дээ. Гэхдээ диссертациа англи хэл дээр бичсэн. 27 настайдаа хоёр хэл зэрэг сурсан даа.
-Та нян судалдаг хүн. Хүмүүсийн эвгүй үйлдэл, тухайлбал ярьж байхдаа шүлсээ үсэргэдэг, гудамжинд хар хурхийтэл тургидаг, нусаа нийдэг үйлдэл танд ямар харагддаг вэ?
-Мэдээж, маш хэцүү харагддаг. Тэр муухай үйлдлүүд XXI зууны хүн байх, эрүүл, ёс зүйтэй монгол хүн байх үгүй л бараг шийдэж байна. Тэр ялгадас, шүлстэй хамт бөөн нян унаж, хавь орчныг бүхэлд нь халдварт өвчний үүр болгож байна.
-Дээрээс нь манайхны амны үнэрийн асуудал их хүнд шүү дээ?
-Сүүлийн үеийн дэлхийн хөгжил бидний өмнө асар их боломж, технологи, амьдралын таатай орчин нөхцөлийг бий болголоо. Гэтэл монголчуудын, залуучуудын амны хөндийн байдал “нойль” зааж байна. Ерөөсөө яг л жорлон. Маш өмхий, маш заваан. Түүнийгээ өөрсдөө ойлгодоггүй, мэддэггүй. Энэ асуултыг сонсоод надад юу бодогдож байна вэ гэхээр, би 2000 онд Шанхай хотод олон улсын хүүхдийн нүүр ам судлалын симпозиумд оролцсон юм. 6000 төлөөлөгч оролцсон том хуралд оролцоод дараа нь Бээжин хотод очсон. Тэр үед Хятадууд шүлсээ хаядаг байсан. 2008 онд ахиад очиход байдал оргүй өөрчлөгдсөн байсан. Өнөөдөр монголын залуучууд яг тэр 2000 оны Бээжингийн байдлыг сануулж байна. Хаа сайгүй нус цэрээ хаяж буйг нян судлаач хүний хувьд харахад, Улаанбаатар орчим явахад үнэхээр төвөгтэй байна. Амны хөндийд 760 төрлийн нян, төрөл зүйлээр нь хуваахад хэдэн мянган нян бактери, өвчин үүсгэгч байдаг. Сүрьеэгийн бактери, B, C вирус, хелико бактер бол маш их. Хүмүүс энэ бүхнийг гудамжинд хаяж байна. Тэгэхээр Улаанбаатар соёлтой, жаргалтай газар мөн үү. Нөгөө олон улсын зэрэглэлд хүрсэн сая гаруй хүнтэй метрополис хотод амьдардаг залуус, орчны хувьд, соёлын түвшин нь ямар байгааг үйлдэл нь харуулж, гутааж байна. Ийм л ялзарсан, дорой, бохир заваан хүмүүс Улаанбаатар хотод амьдарч байна даа.
-Та эмч хүний хувьд тэр бохир байдалтай хэрхэн тэмцэж, эсэргүүцэж байна вэ?
-Манайхан шүлс нус цэрээ хаяхаас гадна тамхи их татаж байна. Би заримдаа тэсэхгүй хэлдэг. Дэлгүүрт ороод юм авахад гялгар уутны амыг “түй” гэж гараа шүлсдээд нээж байна. Том дэлгүүрийн доторх нарийн боовны газрын ажилтан бүтээгдэхүүн савлахдаа гялгар уутыг амаараа үлээгээд талх хийж байсан. Тэр хүний амнаас гарч байгаа бактери, вирусыг бид идээд л явж байна. Би тэсэхгүй дуудаад “Миний дүү чиний ам ариун уу, яагаад гялгар уутыг үлээж байгаа юм бэ, нян орж байгаа шүү” гэж хэлсэн. Тоохгүй гүйгээд явчихсан. Тэгэхээр нь тухайн үед ажиллаж байсан менежерийг нь дуудаад “Ингэж байна шүү, болохгүй ээ. Та нарт эрүүл ахуй гоо сайхан, ёс зүй гэж байна уу” гээд хэлсэн. Энэ мэтчилэн л тэмцэж байна л даа.
Эрүүл нийгэмд эрүүл монгол хүн байж л улс орон хөгжинө өө. Эрүүл монгол хүн та эрүүл амны хөндий, эрүүл мэндийн боловсролтой байх нь чухал юм. Бид хэчнээн гоё сайхан хувцас өмсөөд, үнэтэй машин унаад ч хөгжил, соёл биш шүү. Амны хөндийн ариун цэврийн асуудлын араас боловсрол, ёс зүйн тухай ярья. Эрүүл мэнд ёс зүй хоёр салшгүй холбоотой.
-Хүний соёлыг ариун цэвэр, биеэ авч яваа байдлаас нь эхэлж дүгнэдэг дэлхийн жишиг байна шүү дээ?
-Тэгэлгүй яах вэ, амны үнэрээс нь эхлээд л хэмждэг. Манайхан жуулчлалын тухай их ярьж, нэг сая жуулчин оруулж ирье гэж байна. Гэтэл манайд ирсэн гадаадын жуулчид яагаад эргэж ирэхгүй байна вэ?
Ариун цэврийн өрөө, ахуйн соёлгүй монголчууд хоёроос л болж байгаа. Гадныхан цэвэрхэн бие засах газарт орж, шүршүүрт зогсмоор байна шүү дээ. Үүнийг шийдээд харьцаж байгаа монгол хүнийхээ ариун цэврийг дээшлүүлчхэд бид хаанахын хэнээс ч ичихгүй байж болно.
-Та амны хөндийн эрүүл ахуйн талаар тодруулж яриач?
-Би 18 жил амны хөндийн нянг судаллаа. Амны хөндийд өвчлөл үүсгэдэг, шүдийг цоолж, буйлыг үрэвсүүлдэг нянгуудыг бараг идэхээс наагуур судалж байна. Хэрэв хүн буйлны үрэвсэлтэй, амны хөндийдөө нян тээж яваа бол 240 гаруй өвчин, 11 төрлийн хавдраар өвчлөх эрсдэлтэйг шинжлэх ухаан батлаад 50 жил боллоо. Өнөөдөр өмхий амтай байгаа хүн 70 насалж чадахгүй. Энэ бол батлагдсан асуудал. Ийм л аюул заналтай зүйлийг манайхан тоохгүй, “Миний ам хэнд хамаатай юм бэ” гээд явж байна. Амны хөндийн эрүүл ахуй амьд явах эсэхийг шийднэ.
-Монголчуудад нийтлэг байдаг амны хөндийн өвчлөл юу вэ?
-Нэгдүгээрт буйлны үрэвсэл маш их. Дараа нь шүд цоорох өвчин, хелико бактери байна. Хамгийн сүүлийн үеийн судалгааны жишээг ярья. Хэрэв буйлны үрэвсэлтэй бол таны амны хөндийд хелико бактери байх магадлал 18-20 хувь, чихрийн шижин, элэгний циррозоор өвчилсөн байх магадлал өндөр, зүрхний шигдээс, бөөрний өвчлөлөөр нас барах магадлал 29 хувь, тархины цус харвалт болох магадлал 28 хувь, нойр булчирхайн хорт хавдар 59 хувь, цусны хорт хавдар 30 хувь гээд үргэлжилнэ. B, C вирус элгийг өвчлүүлээд хүн элэгний циррозтой болж нас бардаг. Буйлны үрэвсэлтэй, бактери тээж яваа хүн архи, өөхлөлтийн бус гаралтай элэгний цирроз тусч, цаашлаад хорт хавдраар өвчлөх магадлал 20-30 хувьтай, ирээдүйд 57-70 хувьд хүрнэ гэдгийг дэлхийн амны хөндийн нян судлалын шинжлэх ухаан тогтоочихсон байна.
-Тэгэхээр амны хөндийн эрүүл ахуйдаа яаж анхаарал тавих вэ?
-Юуны өмнө амнаас чинь эвгүй үнэр гарч байна уу, шүдээ угаахад цус гарч байна уу, хэл өнгөртэй байна уу гэдгээ шалгах хэрэгтэй. Эвгүй үнэр гарч байвал хамгийн түрүүнд эмчид очиж үзүүл, оношлуул. Тэгээд асуудал байвал яаралтай эмчилгээнд ор. Өндөр хөгжилтэй орнуудад оношлох явцдаа амны хөндийгөөс нь арчдас аваад өвчин үүсгэгч микробыг нь микроскопоор харчхаж байна. Энэ оношлогооны арга нэвтрээд 20 гаруй жил болчихлоо.
-Энэ арга манайд нэвтэрсэн үү?
-Би энэ оношилгооны арга, аппаратыг Монголд оруулж ирээд хоёр жил гаруй боллоо. Хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй хамтраад оношлогоо хийж байна. Тэгэхээр хүссэн хүн бүр дурангийн оношилгоонд орж амны хөндийн нян бактериа шинжлүүлж, эмчлүүлэх бүрэн боломжтой.
-Хүмүүс амны хөндийн өвчлөлийн талаар мэдлэг муутай, бас шүдний эмчээс их айдаг. Энэ нь амны хөндийн өвчлөлд их нөлөөлж байгаа байх даа?
-Одоо амны хөндийн үзлэг, эмчилгээний арга барил, эм бодис, техник технологи их өөр болсон. Эмч нар хүнийг өвчин, зовиур үүсгэхгүйгээр оношлох, эмчлэх арга барилд суралцаад тодорхой хугацаа өнгөрчихлөө. Тэгэхээр эмчид хандахаас айх хэрэггүй. Та эрүүл амтай байж эрүүл биетэй, эрүүл биетэй бол саруул ухаантай явна. Энэ бүхний үндэс нь эрүүл буйл шүү.
-Хүмүүс шүдээ эмчлүүлэхгүй явсаар авхуулах тохиолдол их бий. Шүдээ авхуулах буруу биз дээ?
-Нэгдүгээрт буруу. Хоёрдугаарт, шинжлэх ухаан технологи асар өндөр хөгжөөд шүд цоорох өвчний эмчилгээг 100 хувь шийдчихсэн. Цоорч хүндэрсэн ч эмчлэх боломжтой. Хүн өөрийн шүдтэй байх эсэх нь өөрийнх нь хариуцлагын асуудал болсон. Одоо нүүр ам судлалын шинжлэх ухаан хүмүүсийг эрүүл буйлтай байлгах асуудал дээр л сөхөрч байна. Буйлны үрэвслээс сэргийлэх, оношлох, антибиотикгүйгээр маш өндөр түвшинд эмчлэхийн төлөө судлаачид явж байна. Буйлны үрэвсэл нь эрхтэн системийн өвчлөлийг үүсгэдэг нэг том шалтгаан. Юун шүд цоорох өвчин бэ. Буйлны үрэвсэл бол асар хоруу чанартай, олон төрлийн өвчлөл, хавдрын эхлэл, системийн өвчин үүсгэдэг, маш аюултай. Та бөөрний B, C вирус гэж дуулсан уу?
-Үгүй.
-Элэгний B, C гэдэг вирус зөвхөн элгийг гэмтээдэг. Тэгвэл буйлны үрэвслийг үүсгэдэг олон тооны нян бүх эрхтнийг өвчлүүлнэ, эцэст нь үхэлд хүргэнэ. Тийм л аюултай.
-Буйлны үрэвслээс хамгаалах энгийн арга, жор байна уу?
-Та бүх эрхтэн системээ эрүүл байлгая, урт насалъя гэвэл нүүр ам судлалын эмчид ханд. Мэргэжлийн хүний оношлогоо, зөвлөгөөг авсны дараа дараагийн асуудлыг ярина. Шүдээ угаах, шүдний утас хэрэглэх энэ тэр бол хүн болгон хийчих энгийн асуудал. Би ганцхан жишээ ярья. Хоёр жилийн өмнө их дэлгүүрээс шүд завсрын бариултай утас аваад кассанд бичүүлэхэд ард хоёр гадаад хүн байж таарахгүй юу. Тэд “Хөөх хараач, шүдний утас авч байна, монголчууд хэрэглэж мэддэг юм шиг байна” гэж шивнэлдэж байгаа юм. Монгол хүний соёл, ариун цэврийн дадал хэвшлийг тэд тэгж л үнэлж байна. XXI зуунд амьдарч байгаа монгол залуучууд амны хөндийгөө арчилж чадахгүй, наад захын соёл мэдлэггүй байхад тэдэнтэй өндөр боловсрол, соёл, технологи ярих боломжгүй. Бас нэг тохиолдол ярья. Жилийн өмнө “Говь” компанийн үйлдвэрийн том дэлгүүрт орлоо. Кассан дээр очоод гадныхан үргэж байсан. Тэнд байгаа кассчинаас хагас метр зайнаас жорлонд орчихсон мэт өмхий үнэр гарч байгаа юм. Үйлчилгээний газрууд, банк хаагуур ч орсон өмхий үнэр ханхлаад, тэнд хүмүүс амны хөндий нь ялзарчихсан, хүннүгийн үеэрээ явж байна шүү дээ. Ингэж хэлэхээс өөр арга алга.
-Таныг томоохон судалгааны багт сонгогдсон гэж сонслоо?
-Надад Япон улсад сайхан сургуульд докторын зэрэг хамгаалах завшаан тохиолдсон. Сургуулиа төгсөөд хэд хэдэн төсөл дээр удирдагчаар ажилласан. Монголдоо ирээд ч олон судалгаа хийсээр явна. Сүүлд амны хөндийг эрүүлжүүлж, буйлны үрэвслийг дарах амны хөндийн эрүүл ахуйн ам зайлах бэлдмэл гаргасан. Энэ судалгаагаа японы мэргэжлийн их сургуульд танилцуулаад, амны хөндийн хавдрын эсрэг судалгаанд хамтран ажиллахаар боллоо.
-Сайхан мэдээ байна. Тэр бэлдмэлийг хаанаас авч болох бол. Хэр хүртээмжтэй хийж байгаа вэ?
-Монголын ховор нандин эмийн ургамлаар хийдэг учир түүхий эдийн хувьд хязгаарлагдмал. Бид энэ бэлдмэлийг дэлгүүрт, эмийн санд тавьж зарах боломжгүй.
Амны хөндийн эрүүл мэндийн мэдлэггүй хүмүүс бэлдмэлийг аваад нэг хэрэглээд л хаяна. Ер нь амны хөндийгөө оношлуулж, чулуу бохирдлыг нь цэвэрлүүлсэн хүн л ариутгагч бэлдмэлүүдийг хэрэглэх ёстой юм. Энэ бол ерөөсөө л дэлхийн жишиг. Манайхан дэлгүүрээс ам зайлагч авч хэрэглээд ч олигтой үр дүнгүй байдгийн гол шалтгаан нь энэ юм. Тийм учраас бид мэргэжлийн шүдний эмч нараар дамжуулж хүмүүст хүргэж байгаа.
3,4-р хороолол, бичилд “Хаш талст”, Саппород “Тэргэл дент”, зүүн тийшээ “Энхийг цацруулагч”, Хан-Уул дүүрэгт “Болор дент”, бага тойрогт “Хоп”, Дарханд “Харздай” гэх мэт хамтарч ажилладаг эмнэлгүүд бий. Мөн “Буйлны доктор жинжита” фэйсбүүк хаягаар хандаж болно.

Холбоотой мэдээ

Наршилтаас болгоомжил

Ойрын өдрүүдэд халах төлөвтэй байгаа тул та бүхэн наршилт, даралт ихсэх, хоолны хордлого, архины хор

2019-06-03

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд 24 мянган хүүхэд эрүүл шүдтэй болжээ

Эрүүл мэндийн яамнаас хүүхдийн шүдийг нэг удаа үнэ төлбөргүй эрүүлжүүлэх зорилт тавин “Эрүүл шүд-Эрү

2019-05-17

Сүрьеэгийн шинж тэмдэг. Эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаарай

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс анхааруулж байна.

2019-05-15